Хог хаягдлын тухай хууль хэрэгжихгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-20 18:22:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хог хаягдлын тухай хуулийг батлаад жил гаруй болж байгаа ч хэрэгжүүлэх журмууд гараагүй, хүлээлтийн байдалд байна.
Энэ талаар БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Оюунаас тодруулбал, “Манай яам холбогдох журмуудыг боловсруулж дууссан. Хог хаягдал салбар салбарын онцлогтой байдаг тул одоо бусад яам өөр өөрийн шугамаар боловсруулж гаргах үлдээд байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд хог хаягдал олон янз, төрөлжсөн байдаг учир түүнийхээ дагуу аргачлал бүхий журмуудыг боловсруулж гаргана” гэв. Тэрээр, журам гэхээсээ илүү Хог хаягдлын тухай хуульд иргэн, ААН-үүд хог хаягдалтай хэрхэн харьцах, хүлээх хариуцлага торгууль, хэмжээ гээд бүх зүйлийг бүрэн туссаныг онцлож байв. Нэг ёсондоо заавал журам гэлтгүй хуулийг хэрэгжүүлэхэд хогноосоо салах эрхзүй манайд хангалттай бүрдсэн гэсэн хариуг мэргэжлийнхэн өгч байна. Гэхдээ Зөрчлийн тухай хууль гарснаар Хог хаягдлын тухай хуультайгаа нийцээгүй, эргэж харах эрх зүйн орчин бүрдээд байгааг бас хэлэх боллоо.
Хог хаягдлын тухай хуульд иргэн, ААН, албан байгууллага хогоо ангилан ялгаж хогын сав болон тогтоосон цэгээс бусад газар хаях, шатаахыг хориглож зөрчсөн иргэнийг 50 мянга, ААН, байгууллагыг 400 мянган төгрөгөөр торгохоор заасан. ААН, байгууллагууд хог хаягдлаа цуглуулж зориулалтаар тээвэрлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 200 мянга, ААН, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох юм. Гэтэл хуулийн энэ заалтууд амьдралд тэр бүр хэрэгжихгүй байгааг Хог хаягдлын тухай хууль хэрэгжээд жил болж байхад хогны торгуулиас 10-хан орчим сая төгрөг орсон гэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын мэдээллээс харж болохоор. Тус газар жилийн хугацаанд 107 сая төгрөгийн торгууль хүлээлгэсний ихэнх нь агаар бохирдуулагчийн торгууль аж. Хүмүүс хог хаяхгүй байна уу, эсвэл хаясныг нь торгохгүй байна уу гэдгийг хөөн үзвэл Хог хаягдлын хуульд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа болон аймаг, дүүрэг, орон сууц гудамж (ОСГ)-ны хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч нар хог хаягдалд хяналт тавьж торгох эрхтэй гэж заажээ. Гэтэл Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар дээрх хүмүүс торгохоор бол заавал цагдаад хандаж, прокурорын хяналт тавьж байж хогны торгууль тавихаар болсон байна. Зөрчлийн тухай хуулиар Хог хаягдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, хамаа хамаагүй хог хаясан этгээдийг зөвхөн  олон нийтийн цагдаа л шууд торгох эрхтэй үлджээ. “Ийм шат дамжлага ихтэй, төвөгтэй болсноор хогны торгуулийн хэмжээ буурч магадгүй” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хог хаягдал хариуцсан байгаль орчны улсын байцаагч Б.Гэрэлтуяа хэлсэн. ОСГ-ны хороод дээр байдал ямар байгааг Хан-Уул дүүргийн 10-р хорооны Засаг дарга Л.Үржинхандаас асуухад “Хорооны зүгээс нэг их торгоод байдаггүй. Тэгж явах цаг зав ч тааруу. Гэтэл сүүлд гарсан Зөрчлийн тухай хуулиар торгохоор бол заавал цагдаад хандаж прокурорын зөвшөөрөл авахаар тусгасан байна” гэв. Эндээс харвал Зөрчлийн тухай хууль Хог хаягдлын тухай хуультайгаа нийцээгүй, эргэж харах заалтууд байгааг холбогдох хүмүүс хэлж байна.
Б.Болд
 
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ