Монгол, Хятад хүүхдүүд бүтээлээрээ байгаль дэлхийгээ хамгаалахад уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-07-20 18:02:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятад хүүхдүүдийн "Байгаль дэлхийгээ хамгаалъя" уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлтээ хийлээ.
 
Өвөр Монгол дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгийн санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын Хөххот дахь Монгол Улсын Консулын газраас хамтран зохион байгуулдаг хоёр орны хүүхдийн зургийн уралдааны энэ жилийн шилдэг бүтээлүүд ийнхүү Монголын үзэгчдийн хүртээл болж байна.
 
2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд тэлж, бүтээлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жилийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс 200 бүтээлийг дээжлэн Хөхотод үзэсгэлэн гаргасан юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тус уралдааны үе үеийн шилдэг бүтээлүүдээр Хөххотод үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Харин энэ жилийн Хүүхдийн зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын Хөххот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гарч буйгаараа онцлогтой.
 
Долоо дахь удаагаа зохион байгуулсан энэхүү уралдаанд 6-17 насны хүүхдийн 1003 бүтээл ирснээс ангилал тус бүрт 22 хүүхэд шалгарчээ.
Хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг "Улс орны зан заншил, уламжлал гээд бүгд байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр яг хэрэгтэй цаг үед нь “Байгаль дэлхийгээ хамгаалъя” гэсэн маш чухал сэдвээр хүүхдүүдийг уриалсан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Монгол Улсын иргэдийн нийгэмлэгт талархал дэвшүүлье. Цаашдаа бид бүхэн байнга хамтран ажиллах болно. Хүүхдийн хөгжил гэдэг улс орны ирээдүй байдаг тул Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө бид бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна" гэв.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантөгс, Б.Давааням болон Хөх хотын Туршилтын Үндэсний Сургуулийн Монгол улсын сурагчдыг хариуцан ирсэн багш Улаанаа болон хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.
Ж.Болор
Холбоотой мэдээ