Д.Цогтбаатар сайд Их Британийн Төрийн сайд Марк Фийлдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-20 17:40:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлдийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөрөнгийн зах зээлд манай гуравдагч хөрш Британийн хөрөнгө оруулагчдыг татахын чухлыг онцоллоо.
 
Төрийн сайд М.Фийлд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглэж,  хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл нь уул уурхайн салбар хэдий ч боловсрол, аялал жуулчлал зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
 
Монгол, Британийн Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Батболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Британийн ГХХНЯ-ны Төрийн сайд, Парламентын гишүүн М.Фийлдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тэрбээр айлчлалын үеэр Хөрөнгийн биржид зочилж, Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалттай танилцахын сацуу “Олон улсын манлайлагчдын хөтөлбөр”-т хамрагдсан залуустай уулзах юм.
Холбоотой мэдээ