Монгол Улс гамшгийн эрсдэлийг хэлэлцэх талбар болно

Монголын мэдээ | Нийтлэл
erdenechimeg@montsame.mn
2018-07-04 15:07:54
 
Хэдийгээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд нийгэм-эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа  боловч Ази-Номхон далайн бүс нутаг нь гамшигт хамгийн ихээр өртөж буй бүс нутаг хэвээр байна. Зөвхөн 2017 онд гэхэд, 66,7 сая хүнийг хамарсан 200 гаруй удаагийн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 6500 гаруй хүн амиа алджээ.  
 
Монгол Улсын Засгийн газар 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлыг зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй уг бага хурлын зорилго нь  2015-2030 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийг хэрэгжүүлэх замаар гамшгийн хохирлоос урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн бүс нутгийн орнуудын хүчин чармайлтыг идэвхжүүлэх явдал юм.  
Монгол Улсын хувьд газар хөдлөлт, үер, ойн түймэр болон ган гачиг зэрэг байгалийн гамшгийн аюулуудтай тулгарч байна. Тус улсад нүүрлэж буй байгаль цаг ууртай холбоотой ер бусын нэгэн үзэгдэл бол Зуд юм. Энэ нь зундаа ган болох, өвөлдөө маш их хүйтэрч, салхи шуурга дэгдэх гэсэн хоёр хүчин зүйлээс үүдэлтэй үзэгдэл юм. Монголын хүн амын 1/3 нь бэлчээрийн мал аж ахуйгаас бүрэн хамааралтайгаар амьдардаг бөгөөд Зудны улмаас бэлчээргүй болсноор тэдний мал сүрэг өлсгөлөнд нэрвэгдэн олноороо үхэж хорогддог. Энэ нь нүүдэлчин малчдын ахуй амьдралыг дордуулдаг.  
 
Улаанбаатар хотын захын дүүрэгт Тахилт хэмээх газар бий. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан энэ суурин сүүлийн хэдэн жилд Зуданд малаа алдсан малчин өрхүүдээр өргөжин тэлсээр байна. Амьдралын уламжлалт хэвшлээ орхисон тэд хийх ажил хайн нийслэл хотод шилжин ирцгээжээ.
 
“Манайх 300 хонь, ямаа, 30 адуу, 20 үхэртэй байсан. Тэдгээрийн ихэнх нь зуданд үхсэн, үлдсэнийг нь хулгайд алдсан” хэмээн Доржпагма гэдэг эмэгтэй ярьж байна. “Хотод ирэхэд бүх юм үнэтэй, амьдрахад хэцүү байсан. Бидний урьдын амьдрал одоогийнхоос илүү сайн байж дээ. Бид малынхаа сүү, бяслаг, махыг ашиглан бие даан амьдарсаар ирсэн. Ямаанаасаа ноолуурыг нь авч борлуулах зэргээр”.     
2018 онд Доржпагма Завхан аймаг дахь төрөлх гэр орноо орхиод 1000 км газрыг туулан Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр оёдолчны ажил олж хийх болов. Одоо Доржпагма багахан хэмжээний тэтгэврээрээ амьдарч байна. Одоо оршин суугаа газартаа ч гэсэн тэрбээр байгаль цаг уурын аюулд нэрвэгдсээр. Долоо хоногийн өмнө орсон ширүүн борооны ус ойролцоох толгодоос урсан ирж, гэрийг нь үерт автуулжээ.  
 
Монголын Онцгой байдлын Ерөнхий газарт 25 жил ажиллаж буй Думаагийн Намсрай бол Зуд хэмээх үзэгдлийн нийгэм, эдийн засагт учруулж буй хор уршгийг сайн мэдэх хүн юм. 
 
“Зудны дараа хүмүүс ажил хайн хотод ирэхдээ олон бэрхшээл сорилттой тулгардаг. Төрсөн нутгаа орхин гарсан тэд сэтгэл санааны хямралд орох нь олонтоо. Учир нь, тэд бие даасан амьдралын хэвшлээ алдаж, бусдаас хамааран амьдрахад хүрдэг. Хотынхон ч заримдаа тэдэнд хүйтэн хөндий ханддаг” гэж Д.Намсрай ярилаа. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголын байгаль цаг уурын хүнд нөхцлийг улам бүр хэцүү болгож буйг тэрбээр нүдээрээ үзжээ. 
“Өнөөдөр Монголд жилийн улирлууд өмнөхөөс өөр болжээ. Өвөлдөө улам хүйтэн болж байна. Зуд зөвхөн өвөл бус заримдаа зуны улиралд ч болж, ган гачгийн улмаас мал сүрэг идэш тэжээлээр дутагдах боллоо. Орон нутгийн засаг захиргааны зүгээс байгалийн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, зудад бэлтгэхэд нь малчдад тусалж байна. Эрсдэлүүдийг ойлгож мэдэх нь эхний алхам, харин эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа явуулах нь дараагийн алхам. Жишээ нь, малын даатгал хийлгэх нь малчдын хувьд ахуй амьжиргаагаа хамгаалах нэг арга зам юм”.   
 
Монголд болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал нь оролцогчдыг өргөн хүрээнд хамарсан үйл ажилллагааны мөрийн хөтөлбөрийг /платформ/ боловсруулах болно. Засгийн газрын сайд нар нь НҮБ-ын агентлагууд, ТББ-ууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж буй иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллана.  
“Бидний зорилго бол нийгмийн бүхий л салбарынхныг оролцуулах замаар гамшгийг эрсдэлийг бууруулах асуудлыг шийдвэрлэх явдал юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө болон бүс нутаг, улс орон, орон нутгийн түвшин дэх хандлагуудыг уялдуулан зохицуулж чадах тийм хандлагыг бий болгохыг бид зорьж байна” хэмээн  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн бодлогын газрын /UNISDR/ Ази-Номхон далайн бүсийн салбарын захирал Лоретта Хибер- Жерарде ярьж байна.  
“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь НҮБ-ын нэн тэргүүнд анхаарах асуудал мөн. Хэрвээ бид гамшгийн хохирлыг бууруулах арга замыг олж чадахгүй аваас олон зорилтыг хэрэгжүүлж чадахгүйд хүрч магадгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь байгалийн гамшгийн давтамжийг олшруулж, түүнийг улам хатуу ширүүн болгож байна. Бүс нутагт болж байгаа гамшгийн улмаас хүний амь эрсдэх явдлыг бууруулах, санхүүгийн асар их хохирлыг багасгахыг зорьж байгаа бол Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаагаа бид улам идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэн чухал”.       
Сүүлийн 50 жилийн хугацаанд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд байгалийн гамшгийн улмаас 1,3 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол амсчээ. Хохирлын хэмжээ 2030 он гэхэд жилд 160 тэрбум ам.доллароос давж магадгүй байна.   
 
Патрик Фюллер 
Эх сурвалж: НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази-Номхон далайн бүсийн салбар (UNISDR AP)     https://www.unisdr.org/archive/
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ