Хуулбаргүй урлаг ба “Эрвээхэй хатагтай”-н түүх

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-07-02 13:16:12
УДБЭТ-ын хамт олон сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгууллаа.  

Тэд тоглолтоо “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг тайзнаа амилуулснаар эхлүүлсэн билээ. Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан”  зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.

Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэхүү бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй. Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм. Тус дуурь нь 1904 онд анх Италийн Милан хотод тоглогдож байсан бол Монголын тайзнаа 1967 онд анх тавигдсан түүхтэй.

"Чио Чио Сан" дуурийн “Madama butterfly”-гийн дүрийг 1975 онд бүтээсэн МУАЖ, Төрийн шагналт Хорлоогийн Уртнасан “Чио чио сан дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол яах аргагүй мөн юмаа. Яагаад гэхлээр Чио Чио Санд гарч байгаа үйл явдал, хөгжим, дуучидын өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийн харахад Чио Чио Сан бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг мөн.  Ер нь “Чио чио сан” дуурь тоглогдоогүй театр байна гэдэг их хэцүү” гэж ярьсан нь бий.



Мэдээж тус дуурийг хамгийн гайхалтай гаргаж ирж үзэгчдийн таашаалд нийцүүлсэн дуучин бол  Х.Уртнасан. Дуулах болон жүжиглэх ур чадварынхаа гайхамшгаар, сэтгэлийн тэнхээтэй, ухааны цараатай бүсгүйн дүрийг бүтээснээрээ алдаршсан. Хэн бүхний хүсэлд багтах ч бүтээж чаддаггүй тус дүрээр овоглож ард түмний дунд нэрээ мөнхөлнө хэр чансаатай уран бүтээлч болохоо батлан харуулсан хэрэг.

Мөнхүү монголын Дуурийн театр эх орондоо төдийгүй Азид тэргүүлэх байр суурьтайг бид мэднэ. Тиймдээ ч тэд “Сонгодог дуурийн өдрүүд”-ийн эхэнд уг алдарт бүтээлийг тоглосонд огтоос эргэлзэх зүйл үгүй билээ.

АЛДАР ХҮНД БА ЭРГЭН ТӨРСӨН ТҮҮХ

Японы алдарт дуучин Тамака Миура уг дуурийг жинхэнэ утгаар нь олон улсын тавцанд гаргаж, өөрийгөө ч, тус дуурийг ч гайхамшигтай таниулж чадсан. Тиймээс дуучин Тамака Миураг дэлхий дахинаа “Чио Чио Сан” хэмээн нэрлэж ирсэн бөгөөд түүний хөшөөг Пуччинигийн дурсгалын хөшөөтэй хамт Нагасакигийн Гловэр цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан байдаг. Үүнээс хойш дэлхийн хамгийн том театруудад тасралтгүй тоглогдож эхэлсэн энэ дуурийг манай чадварлаг дуучид тайзнаа дахин амилуулсан нь хэн бүхэнд хүлээлт үүсгэсэн тоглолт болох нь тодорхой байсан билээ.

Харин манайд "Чио Чио Сан" дуурийг монголчилж орчуулахдаа “Эрвээхий хатагтай” хэмээн нэрийдээд 48 жилийн нүүрийг үзэж байна. “Эрвээхэй хатагтай”-г анх Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун орчуулсан бөгөөд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан дахин тоглогдож буйгаараа онцлогтой юм.

2014 онд Италид болсон алдарт Пуччинигийн нэрэмжит олон улсын фестивальд манай дуучин Б.Эрдэнэтуяа "Чио Чио Сан" дууриар оролцож шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.



Чио Чио Сан хэмээх япон эмэгтэй Америк залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, зүрх сэтгэлийнхээ төлөө гэр бүл, шашин шүтлэгээ ч орхидог. Нэг ёсондоо эр хүнээр эх орноо солих хайрын агуу ихийг эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй хослуулан харуулсан нь энэ.

Нутаг буцсан сэтгэлт залуу нь “заавал буцаж ирнэ” гэсэн амлалтаасаа няцаж өөр бүсгүйтэй гэрлэсэн нь эмгэнэлт түүхийг цаашдын хувь заяаг тодруулж өгнө. Хайртай залуугийнхаа хүүхдийг нь төрүүлж олон жил сараар хүлээсэн Чио Чио Сан энэ бүхнийг тэвчилгүйгээр амиа хорлосноор дуурь төгсдөг. Мятрашгүй үнэнч сэтгэл, аймшиггүй зориг, эмгэнэлт хувь заяатай бүсгүйн тухай өгүүлэх  “Эрвээхий хатагтай” дууриас сэдэвлэсэн олон ч цомнолууд дэлхийн томоохон дууриудад тавигддаг билээ.

ДУУРЬ БОЛ ХУУЛБАРГҮЙ УРЛАГ

Үнэн гэдэг зүйл хэзээд хатуу, нүүр тулахад хэцүү байдлаар урлагт үйлчилж ирсэн. Харин дуурийн урлагт “үнэн” хэзээ хатуу байдаггүй. Учир нь дуурь өөрөө хуулбаргүй бөгөөд дууриамал урлаг биш болохоор тэр.
“Чио Чио Сан”-ы хоёрдугаар үзэгдэлд Эрвээхэй хатагтай хайртай нөхрөө эргэн ирнэ гэж тэвчээртэй хүлээн элдэв доромжлолыг тэсвэрлэж байлаа. Зарц бүсгүй болох Сузуки ч хүртэл Пинкертоныг эргэн ирнэ гэдэгт эргэлзэж цаашид энэ байдлаар удвал хоол унд ч үгүй болно гэж хэлдэг. Гэсэн ч Чио Чио Сан хайрт залуугаа явахдаа эргэж заавал ирэхээ амласныг дурсан санаж “Ядрах цаг эцэс болж Яасан ч тэр минь ирнэ” хэмээн Сузукидаа баяр хөөртэйгөөр дүрслэн  ярина.



Байшингийн  ойролцоох  цэцэрлэгт Горо,  Шарплес гарч ирнэ.  Консул Пинкертоноос эргэж ирэхгүйгээ бичсэн  захиа  хүлээн авчээ. Тэрээр  бүсгүйд энэ тухай  хэрхэн хэлэхээ мэдэхгүй  тэвдэж байтал  баян Ямадори хүрч ирнэ. Ямадори бол Чио Чио Саныг эхнэрээ болгохоор  эртний хүсч байсан боловч, бүсгүйн  эцсийн шийдвэр  “Би тантай яасан  ч суухгүй ” гэсэн үг байлаа. Ийнхүү төгсгөлийн мөчид бүсгүй амиа хорлон жинхэнэ эрвээхэй болж чөлөөтэй нисэхээр эс оршихуй руу шунган одно.

Энэ бүхэн үзэгчдэд өр зүсэм санагдах эмгэнэлт түүх ч гэлээ дуучны ур чадвар, тайзны зохион байгуулалт үгүй бол мэдрэмж төрөхгүй. Тиймээс УДБЭЧ-ын хамт олон өөрсдийн арвин туршлага, уран бүтээлчдийн ур чадвар дээр үндэслэн дахин нэг удаа тус дуурийг тайзнаа гайхалтай амилуулсныг энд дурдахад таатай байна.




Улс орны хөгжил гэдэг дан ганц эдийн засаг биш, нийгмийн бүхий л салбар, тэр дундаа соёл урлагийн салбарыг ч хамардаг хэмээн бид ярьсаар удаж байгаа. Үргэлж ярих ёстой асуудал мөн билээ. Өөрөөр хэлбэл соёл урлагийн салбарыг үргэлж хөдөлгөж байдаг болсон уран бүтээлчид болон өөрчлөлт мэдрүүлсэн, чанартай уран бүтээл, дээрх дуурийн эрвээхэй хатагтай шиг үнэмшилтэй дүрээр олон нийтийн итгэл үнэмшилд нөлөөлж улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн олон талд хэвшмэл дүрүүдийн хамгийн чухлыг дээрх дууриас онцлон харж, өөрсдийгөө ялан дийлэх сэтгэл, амьдралыг утга учиртай болгодог “үнэн” төрхийг олж чадвал тус дуурийг тайзнаа амилуулсны баяр бахдал хийгээд үзэгчдийн өөрсдийнх нь жинхэнэ ялалт билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Т.Чимгээ
 
 
 
 
 

Холбоотой мэдээ