ОРХИГДООГҮЙ УРЛАГ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-06-22 20:28:30
|энэ сарын урлагийн тойм|

ПЯНЗНЫ ХЭРЭГЛЭЭГ СЭРГЭЭСЭН ШИНЭ ЦОМГУУД

"The Lemons" хамтлагийн анхны цомог “Red album” пянз хэлбэрээр худалдаанд гарахад бэлэн боллоо. Дэлхийн уран бүтээлчид 2007-2008 оноос эхлэн өөрсдийн цомгоо давхар пянз хэлбэрээр гаргах болсон. Тэгвэл Монголд ийнхүү "The Lemons" хамтлаг дахин пянзны хэрэглээг сэргээж байна. Дууныхаа үгтэй хамт хэвлэгдэж байгаа Монголын анхны пянз гэдгээрээ онцлог юм. 180 гр, улаан өнгөтэй тус пянз нь Японы Токио хотод 500 хувь хэвлэгджээ.

Мөнхүү “The Colors” хамтлагийн гурван жил хүлээлгэсэн хоёр дахь цомог тун удахгүй нээлтээ хийх гэж байна. “The Library Records” болон “White Arch Studio”-д бичүүлсэн тус цомог зургаан дуутай. Цомгийн нэр нь “Би тэнгэр лүү унаж байна” нэртэй юм. Хамтлагийнхан бүх дуугаа өөрсдөө бичиж, “mixing down” хийжээ. Харин цомгийн мастеринг дээр Нью-Йоркийн уран бүтээлч Грэг Калби ажилласан гэдгийг онцлууштай. Анхнаасаа пянзаар хэвлүүлэх бодолтой эхэлсэн цомгоо бүтээхэд “Монгол пянз” хөдөлгөөн тэднийг дэмжсэн хэмээн хамтлагийнхан ярьж байв.




PLAY TIME”-ИЙН СУРАГ

“PLAYTIME 2018” амьд хөгжмийн наадам  ирэх сарын 6-8-нд “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдана. Энэ жил Японы алдарт "The Fin" хамтлаг ахин ирэхээс гадна Монголын алдартай хамтлаг дуучид, гадаадын олон сонирхолтой уран бүтээлчид оролцох болно.

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам энэ удаад 17 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх нь уг наадмын зорилго билээ.



Энэхүү фестивальд хүрэлцэн ирдэг залуусыг муу зүйлд татагддаг, ихэнх нь нийгмийн болж бүтэхгүй бүхнийг үйлдэж явдаг хүмүүс байдаг хэмээх бодол нийгмийн ихэнх хүмүүсийн сэтгэлзүйд шингэсэн байдаг. Гэтэл хөгжмийн хүнд хэмнэлийг мэдэрч, хар саарлын гүнээс төгс мэдрэмжийг хайж олох нь жинхэнэ урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг билээ. Тэгээд ч уг наадамд зорьж ирсэн залуус бүхэн өөрсдийн гэсэн дотоод ахуй, ертөнцийг харах үзэлтэй, дуртай зүйлдээ цаг заваа гаргаж, найзуудтайгаа эрүүл агаарт зугаалж, амьд хөгжмийн хэмнэлд бүжиглэж гурван өдөр хоёр шөнийн турш хоосон агаарт өөрсдийгөө зурж, зорж, дуулж бүтээхээр “Play time” наадмыг зорьдог юм.


ДЭЛХИЙД ГАРСАН МӨРӨӨДӨЛ БА КИНО УРЛАГ

Б.Амарсайханы олз

Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлч оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшны ерөнхий продюссер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. 



Анх дэлхийн тавцанд монгол жүжигчид өрсөлдөх боломж бүрэн дүүрэн бийг харуулж, олон улсад хөл тавьж байсан тэрээр ийнхүү дараагийн олзыг алдсангүй. “The Mongolian connection” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 5-нд Монгол,  Казахстанд зэрэг нээлтээ хийх юм. Цаашлаад олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гаргах тулаант, адал явдалт кино хийхээр багийнхан ажиллаж байна..

Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливудын ертөнц мөрөөдөл төдий байсан бол жүжигчин Б.Амарсайхан холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, холливудад данстай олон улсын уран бүтээлчийг Монголдоо авчран, мэдлэг туршлагаа хуваалцсан юм.

Уг киног “Nomadia Pictures”, “Orange Entertainment” продашкнууд хамтран продюссерлэсэн бөгөөд тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажиллажээ. Түүний онцлох бүтээлийн жагсаалтад дэлхийд алдартай “I Robot”, “Twilight Saga: Eclipse”, “Oblivion”, Avengers: “Infinity War” зэрэг 200 гаруй бүтээл  багтдаг.

Хятадын кино урлагийн зах зээлд Монголоо таниулав

Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын анхдугаар кино наадамд “Х Түц” Продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг "Солиот эх" киногоороо “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болов.



Энэхүү наадамд 12 орны 55-н бүтээл зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн билээ.  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын оролцсон кино наадам Хятадын зүүн эргийн зүүн хэсэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын “Oriental Movie Metropolis Grand Theatre”-т болсон юм. 
Ийнхүү тэд олон сая хүн амтай Хятадын кино урлагийн зах зээлд Монголоо таниулж чадлаа. “Солиот эх” мэдээж И.Одончимэгийн найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон бүтээл. Тэрээр уг дүрээр өөрийгөө хэчнээн дотортой, мундаг жүжигчин болохоо батлан харуулсныг үзэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.

ЭНЭ ЗУНЫ ҮЗЭСГЭЛЭН

Самади

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн “Самади” нэртэйгээр олны хүртээл болсон бөгөөд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийсэн юм.

Хүн бүрт урлагийг үзэх, урлагийн төрөл чиглэлүүдэд хандах, таашаах өөрийн үзэл бодол, сэрэл мэдрэмж бий. Ийм ч учраас өдгөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрэлгүй ямагт зөрчилдөж ирсэн. Яг энэ цаг мөчид шинэ санааг дэвшүүлсэн уран бүтээлчдийн тойрог нэгээр нэмэгдэж байна. Энэ нь зураач Б.Баярцэнгэлийн бүтээлүүдээс илэрхий харагдана.



“Сайн бүтээл”-ийг бүрэн илэрхийлсэн тодорхойлолт гэж үгүй. Хэрэв сайн зургийг муугаас ялгаж сурахыг хүсвэл уншигч танд ямарч онолын ном, хичээл хэрэг болохгүй. Гол нь маш олон зургийг харж, үзэх нь чухал. Тэгвэл аяндаа өөртөө хамгийн онцгой мэдрэмж төрүүлдэг, урсгал чиглэлийг олж авна. Түүнтэй адил өнөөдөр аль нь үлдэх, үлдэхгүйг ирсэн зочид нь таамаглах аргагүй олон үзэсгэлэн дэлгэгдэж буй. Харин тэдний дотроос онцолж ярих ёстой нь Б.Баярцэнгэл зураачийн “Самади” үзэсгэлэн буй гэдэгт үл эргэлзнэм.

Тус үзэсгэлэнд “Ордон”, “Эрин галав”, “Учиртай 3”, “Камертай өрөө”, “Өрөг” зэрэг шинэ утга санааг илэрхийлсэн бүтээлүүд тавигдсан байна.
 
Монголын нүүдэлчид

Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн энэ 18-ны өдөр нээлтээ хийжээ.

Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.



Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн “Моосгард” музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байна” хэмээв.

Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш олны анхаарлыг ихэд татаж байна.

Цаг хугацааны аялал

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ ирэх сарын 1-ний өдөр дэлгэхээр болжээ. Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ.


 
Ирэх сарын 1-5-ны өдрүүдэд Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.  

Тэрбээр  2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Урчуудын хороонд хамтарсан үзэсгэлэнд, 2016 онд “Маршал арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Түүнчлэн гадаадын 20 гаруй улсад бүтээлээ толилуулсан билээ.

Дуслаас бүтсэн урлаг

“Norphei Art” галерейд энэ сард нээлтээ хийсэн онцлох үзэсгэлэнгүүдийн нэг бол Д.Очир, Н.Отгонбат нарын "Сүлжих дуслууд" хэмээх импрессионист буюу сэтгэгдэл дээр тулгуурласан ч маш энгийн товч минимал дүрслэлтэй хэрнээ цаанаа гүн, агуулга дүүрэн бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн байв.

Уран барималч Д.Очирын бүтээлүүд хуран үүсэх дуслуудаас л аливаа зүйл бүтдэг шүү дээ гэж хэлэх шиг санагдана.



“Зөвхөн ажиллагаа гэлтгүй хэллэгийн хувьд нилээн товч буюу минимал дүрслэл ашиглахдаа нэг талаас үлгэр домгийн амьтад эсвэл бүсгүй хүний уян хөдөлгөөнт дүрслэлүүд байхад нөгөө талаас морь, хүн чулуу зэрэг содон огтлол, хуваалт, контрастаар санаагаа төгс илэрхийлжээ” хэмээн урлаг судлалын магистр А.Болормаа тодорхойлсон байна.

Ийнхүү Монголын урлагийн аль салбар орхигдоогүй. Уран бүтээлчид дор бүрнээ хөдөлмөрлөж, шинэ нээлтийг үүсгэж байна. Гол нь дээр дурдсан бүх л уран бүтээлчид урлагийн төлөө урлаг гэсэн зарчмаар бүтээлээ туурвиж буй нь хамгийн олзуурхууштай хэрэг юм.

 
Тоймч Б.Алтанхуяг
 

Холбоотой мэдээ