“Алтан хальс” наадам ба кино урлагийн олз

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-06-10 14:24:36

БСШУСЯ болон Соёл, урлагийн газрын зүгээс ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Алтан хальс” холбооны “Алтан хальс индепендент кино наадам” (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) “I Cinema” кино театрт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “AKIFF” кино наадам хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, эксперименталь кино гэсэн төрлүүдээр бүтээл хүлээн авч зохион байгуулагдаж байна. Уг наадамд гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад илт өссөн тоо юм.

Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ. Харин энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр 31 бүтээл шалгарсан бөгөөд эндээс 17 монгол кино байгаа нь олзуурхууштай. Мөн энэ жил гадаадын алдартай найруулагч, уран бүтээлчдийг кино наадамдаа урьж оролцуулан, “мастер класс” хийж байгаа нь тус наадмын үр өгөөжийг нэмэгдүүллээ.  

“Алтан хальс” индепендент кино наадам болон өргөжсөн ач холбогдол нь өнгөрсөн жилтэй шууд холбоотой. Учир нь Каннын наадмын шагналт, Турк гаралтай Герман найруулагч Фатих Акин “Чик” хэмээх шинэхэн кинотойгоо, тус киноны гол дүрийн жүжигчин монгол хүү Анандын хамт “Алтан хальс” кино наадамд оролцохоор монгол орныг зорин ирсэн юм. Мэдээж бидний хувьд энэ нь том олз байлаа. “Хананы эсрэг” киногоороо “Алтан хальс”-ийн үзэгчдийг бишрүүлж асан тус найруулагчийн зөвлөгөө монголын олон мянган кино сонирхогч залуусын хувьд “олз” байхаас аргагүй хэмээв.

Гёте институтийн дэмжлэгтэйгээр энэ жилийн наадамд уригдан ирж буй хүндэт зочин бол Германы залуу найруулагч Юлиан Радлмайер юм. Тэрээр “Алтан хальс”-д зочилж, өөрийн үзэл бодол, кино хийх туршлагаас хуваалцахаас гадна “Хөрөнгөтөн ангийн нохойн өчил” гэх хоржоонтой нэр бүхий бүтээлээ гаргаж энэ оны наадмыг нээв.



Тэрээр “Ихэнх залуу уран бүтээлчид киногоо бүтээх санхүүжилт олж чаддаггүй. Гэвч хүсэл тэмүүллээ даган энэ урлагт хэрхэн үлдэж, хөгжих тухай асуудлыг хөндөж ярилаа. Ер нь Монголын кино урлагийг эдийн засгийн өнцгөөс харвал Германаас илүү хүнд байгаа санагдлаа. Би энд байх хугацаандаа боломжтой бүхнийг л олж харахыг хичээсэн. Харин одоо тэр бүгдийг “боловсруулах” л хэрэгтэй байна даа. Гэвч нэг зүйлийг л хэлж чадах байна. Улаанбаатар хот үнэхээр сэтгэл догдлуулам олон өнгө аястай юм. Энд зэрэгцэн орших хуучны сүм, гэр, Зөвлөлтийн үеийн барилга байгууламж, орчин үеийн өндөр барилгууд гээд л бүх зүйлс нэгдэн сонирхолтой дүр төрхийг бий болгожээ” хэмээн санал бодлоо хуваалцсан юм.



Мөн хүндэт зочин болон шүүгчээр Брисбейны олон улсын кино наадмийн захирал Максин Уильямсон, Уотерспрайт Кэмбрижийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Канадын залуу найруулагч Кэрол Уэн нар хүрэлцэн ирсэн байна. Ингээд тус наадмын онцлох кинонуудын тойм болон, уралдааны шилдгүүдийг уншигчдадаа хүргэж байна.

ХОЁР ДАХЬ БҮТЭЭЛ БУЮУ АГА

“Алтан хальс” индепендент кино наадмын хоёр дахь өдрийн онцлох бүтээл Болгарын найруулагч Милко Лазаровын “Ага” кино байв. Энэ жил анх Софигийн кино наадмаар дэлгэцнээ цацагдаж, Берлиний кино  наадмын хаалтын киногоор сонгогдсон “Ага” бол найруулагч Милко Лазаровын хоёр дахь бүтээл юм.

Хаашаа ч харсан цас л үзэгдэх газар тэнгэрийн заагт амьдрал нь нэгийнхээ хуулбар мэт хөврөх ертөнцөд хоёр цаатан хөгшин аж төрнө. Гэргий Седна нь цаатны амьдралыг голж, орон хотыг зорьсон охин Агагаа дурсдаг. Харин нөхөр болох Нанүк хэдий охиноо ил дурсахгүй ч мөн л үрээ санан бэтгэрч яваа нь үйлдэл бүрээс нь ил харагдана. Тэдний амьдрал өлмөн зөлмүүн, ямарч адал явдалгүй болж улам утга учраа алдан байдаг. Ийм л өдрүүдийн завсарт тэдний дэргэд охинтой нь тоглож өссөн Чена цасны чарга хөлөглөн ирж, хоёр хөгшин хэрэндээ тус болдог. Залуугийн аманд ганц сайн мэдээ байсан нь Ага охиных нь тухай сураг. Охин нь алмаазны уурхайд ажиллах болжээ. Энэ мэдээг дуулсан өдрөөс эхлэн Седна охиндоо зориулан үнэгний арьсаар малгай хийж эхлэв. Эмгэн өвгөнөөсөө охиноо уучлахыг ятгаж, засрал авахаасаа өнгөрсөн бэтэг өвчнөөр талийхаасаа өмнө барааг нь харах хүсэлтэй буйгаа тойруу замаар ойлгуулахыг хичээнэ. Охиноо дурсаагүй цагтаа хоёр хөгшин эртний домог эсвэл зүүдээ бие биендээ ярина. Зүүдний тэр л олон өнгө, зураачийн ажлыг кино үзэх явцад гайхаад барахгүй.



Бүх л үйл явдлыг нь хүүрнэчихвэл уншигчдад үзэх сонирхол төрөхгүйн үүднээс энэ хүргээд орхихоор шийдэв. Ямартаа ч Милко Лазаровын “Ага” хэмээх бүтээл зохиолын утга агуулга хийгээд, цөөрч буй цаатан үндэстний зовлонг дотроо тээсэн байна. Мөн зураг авалтын гайхалтай ажлууд нь дүрсний нийлмэл урлаг гэх чанарыг халуун дотноор дотроо агуулжээ. 

ЗОГЬСУУЛАЛТ

“Найруулагч бүр өөрийн хэмжээндээ төгс бүтээл туурвихыг хүсдэг. Гэхдээ боломж хязгаарлагдмал. Юм бүхнийг хийхийг хүсэвч болдоггүй. Тиймээс надад ажлын арга барил их чухал. Би нэг бүтээл эхлүүлж, барьж авахдаа хамгийн түрүүнд үзэгчдэд яаж хүргэхийг боддог. Үзэгчид миний гол бай. Кино урлагийн хэлээр үзэгчидтэй харилцаж болох ямар нэг юм сонгох хэрэгтэй. Гол нь би киногоо яаж хийх вэ гэдэг чухал. Кино хийх өчнөөн арга зам, хэв маяг байгаа”.



Энэ үгийг Унгарын найруулагч Дёрдь Пальфи хэлсэн байдаг. Тэрээр өөрийн урын сан дахь сонгодог авангард бүтээлүүдийн нэг болох “Зогьсуулалт”-ын талаар ярьж байх үедээ дээрх үгсийг хэлжээ. Харин энэхүү бүтээл “Алтан хальс” наадмын тав дахь өдөр үзэгчдэд хүрсэн юм.

Тус кинонд Унгарын буйдхан тосгоны хүн зон, хорхой шавьж, ан амьтны хэсэг бусаг амьдрал дэлгэцэнд ар араасаа цувран өрнөнө. Кинонд байгалийн дуу чимээ, эд зүйл харшиж дуугарахаас өөр хүмүүсийн хоорондын харилцан яриа өрнөхгүй. Энэ үед модон байшингийхаа гадаа нарлаж суух өвгөн тасралтгүй зогьсуулсаар байдаг.

Үйл явдлыг товч сийрүүлбэл энэ ч гэлээ угтаа авангард бүтээл үзэгчдэд ойлгогдохоос илүүтэй мэдрэмж төрүүлдэг гэвэл ононо. Угтаа бүхий л урлагийн нууц нь үл ойлгогдох дүрэмтэй байдаг шиг “Зогьсуулалт” кино ч энэ хуульд захирагджээ.

ГАХАЙНУУД

Укрианы найруулагч Роман Любыйн “Гайханууд” кино “Алтан хальс” наадмын гадаадын хүүрнэлт кино төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Кино бүхэлдээ бэлгэдлээс бүтээгдсэн байна. Тиймдээ ч зохиомжийн хувьд “зөгнөлт” гэж тодорхойлж болохоор бөгөөд хэт мэдрэмтгий хүн тус киног үзэх нь зөв сонголт биш юм.

Цагдаа Толик, ариун гэгээн Варьяа нарын түүх кинонд өрнөнө. Толикийн ажил бүтэлгүйтэж, хоригдлуудад доромжлогдсон уур цухлаа эхнэртээ гаргаснаар түүнийг хөнөөж орхидог. Гэвч жигтэй байдал үүснэ. Варьяа хэдийн амьгүй болсон ч гэлээ нөхрөө хайрласаар байх бөгөөд хэлсэн бүхнийг нь биелүүлнэ. Нэг ёсондоо кинонд ид шид маягийн бэлгэдэлт зохиомж үүсч буй хэрэг. Тийм дээ ч өвчтэй хүн амьтныг эрүүл болгох, амьгүй хүүхэлдэйн тоглоомыг жинхэнэ хүүхэд болгох зэрэг гайхамшгийг бүтээнэ. Харин Толик үхсэн эхнэрээ ваннд хийж хөлдөөгөөд дээрх зүйлсийг хийлгэж мөнгө олсоор байдаг.



Энэ үед тэдний аж төрдөг “амар жимэр” хотод гахайн ферм хүчээ авч байв. Нэг удаа Коничка гэх гахай нь өвдсөнөөр фермийн эзэн тэднийг дуудуулах ба их хэмжээний мөнгө амлана. Толик хамтрагчийн хамт эхнэрээ аван фермд очиж гахайг эдгэхээр болно. Тэр “Хайрт минь сүүлийн удаа, гуйж байна” гэх үгсийг хэлдэг. Гахайн өвчин эдгэрч боссон ч бүх зүйл өөрөөр эргэх бөгөөд ариун гэгээн сэтгэлт Варьяа тэднийг хүн иддэг болгон өөрчилдөг. Ийнхүү бүх гахайнууд тус хотод хэрхэн сүйрэл авчирч буйг өгүүлнэ.

ӨРТӨӨ

Уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийн нэг бол зохиолч Б.Ууганбаяр, найруулагч Б.Хангал нарын хамтарсан “Өртөө” гэх бүтээл юм. Өдөр бүхэн нэгэн хэмнэлээр давтагдах тус жаахан сууринд нэгэн эмнэлгийн ажилтан ээжийнхээ дурсамжийг уншиснаар үйл явдал өрнөдөг.

Магадгүй цаг хугацааны туршид эмэгтэй хүн үргэлж хэн нэгнийг хүлээсээр байдаг мэт. Энэхүү хүлээлт нь түүнийг амьд гэдгийг мэдрүүлж, шинэ нар хэрхэн мандахыг харахад хүргэдэг болов уу гэж санагдана. Кино нь бүхэлдээ хар цагаан өнгөөр бүтсэн нь дурсамж хэсгийн үйл явдлууд өнгөт болон харагдах нь тун шинэлэг болж чадсан юм.



“АЛТАН ХАЛЬС” ИНДЕПЕНДЕНТ КИНО НААДМЫН ШИЛДГҮҮД

ГРАН ПРИ ЦОМЫН ЭЗЭН:
“Майн баяр”, найруулагч Оливье Мажис |Бельги|

МОНГОЛ:

Хүүрнэлт кино:
“Түлхүүр”, найруулагч Г.Номин

Баримтат кино:
“Сүмбэр”, найруулагч Б.Гантулга

Хүүхэлдэйн кино:
Хүүхэлдэйн кино төрөлд цөөн бүтээл ирсэн тул энэ жил шагналт байр тодруулаагүй болно.

Эксперименталь:
“Замхрал”, найруулагч Э.Отгон-Эрдэнэ

ГАДААД:

Хүүрнэлт кино:
“Гахайнууд”, найруулагч Роман Любый |Украин|

Баримтат кино:
“Түлшний шүүр”, Марина-Эвелина Кракана |Их Британи, Румын|

Хүүхэлдэйн кино:
“Лянхуа дэнлүү”, найруулагч Шинпэй Шэнь |Хятад|

Эксперименталь:
“Кино давтамж 31: Шисэндо”, найруулагч Майкл Лайнос |Япон|

СОНГОЛТЫН ХОРОО буюу шүүгчдийн нэрэмжит шагнал:
“Хөл нүцгэн”, найруулагч Ц.Галсандорж
 
Б.Алтанхуяг
 

Холбоотой мэдээ