В.Путин БНХАУ-ын дэд даргатай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-26 18:49:45
Санкт-Петербург. /Синьхуа/. Санкт-Петербург хотноо болж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дэд дарга Ван Цишаньтай уулзжээ.

ОХУ-ын төрийн тэргүүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгаагийн сацуу Хятад-Оросын харилцааг хөгжүүлэхэд БНХАУ-ын дарга Си Жиньпин ихээхэн ач холбогдол өгч байгааг Ван Цишань уулзалтын үеэр хэлсэн байна.
 
 “Хятад-Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагаа болон түншлэлийн харилцаа хоёр улсад болон дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Талуудын харилцан итгэлцэл болон ойлголцол, эрх тэгш хамтын ажиллагаа нь дэлхийн томоохон гүрнүүдийн харилцааны жишиг бөгөөд дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангахад  болон олон улсын харилцааны шинэ төрлийг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм. Манай улс Оросын хөгжил, сэргэлтийг тууштай дэмжихийн сацуу тус улстай хамтран стратегаа хөгжүүлж, практик хамтын ажиллагааны түвшин, чанарыг дээшлүүлэх, хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг илүү гүнзгий түвшинд нэгдэн нягтруулах бодолтой байна” гэж Ван Цишань онцлон тэмдэглэжээ.

 Харин Си Жиньпинд ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн сацуу Хятад улсад ээлжит удаагийн айлчлал хийн, тус улсын даргатай уулзахаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Орос-Хятадын харилцаа хөгжлийн дээд түвшингээ хадгалан авч үлдэж байгаа бөгөөд талуудын улс төрийн харилцан итгэлцэл өдөр ирэх тутам гүнзгийрч, худалдаа, эдийн засгийн харилцааны бүтэц мэдэгдэхүйц сайжирж, томоохон төслүүдийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжин хүмүүнлэгийн болон бүс нутгийн солилцоо хийгээд хамтын ажиллагаа улам идэвхжиж байгааг дурдсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ