Гадаад харилцааны сайд АНУ-ын Конгресс болон судалгааны байгууллагуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-23 16:47:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Конгрессын гишүүн Дон Яангтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Гадаад харилцааны сайдын зүгээс АНУ нь манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Монголын бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх, тус улсын зүгээс Монголд хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг онцлов. Мөн Конгрессын гишүүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урив. Конгрессын гишүү Д.Яанг-ын зүгээс Гадаад харилцааны сайдын тавьсан асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах, асуудлыг америкийн холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, Конгресс дахь Монголын бүлгийн гишүүдийн тоог нэмэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.
 
Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ төдийгүй дэлхийд алдартай Азийн Нийгэмлэг, Хадсоны судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгч, эдгээр байгууллагатай цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Холбоотой мэдээ