Арнауд Суарат: Монгол Улс хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-22 12:04:06
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган 2018”-ы хоёр дахь өдрийн үндсэн илтгэлийг  Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тавилаа.

Тэрээр "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа"  илтгэлдээ,  "Аливаа улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх шаардлагатай. Энэ бол цорын ганц бодит арга зам юм. Монгол Улсын  төр засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргаснаар улсынхаа хөгжлийг зөв замд нь хөтөлсөн. 2010 оноос хойш "Оюутолгой" компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамжид зарцуулсан. Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө түргэвчилж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цаашхи хугацаанд эерэг харагдаж байна. Олон талаараа Монголын зэс шинэ технологи, олон нээлтүүдийн нэг хэсэг байх болно. Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах асуудал хүнд. Ямар ч томоохон хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг чухалчилдаг. Тиймээс Монгол Улс хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулах, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй. Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад ч  чухал байгаа. Өнөөгийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улс 50 жилийн өмнө цөөн хүн амтай, жижигхэн улс байсан. Ганцхан том зэс үйлдвэрлэгчтэй тус улс эдийн засгийн олон талт бодлогыг хэрэгжүүлж чадсан. Дэлхий нийтээрээ Оюу толгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтуудын үлгэр жишээ авах төсөл мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн онцлов.
Холбоотой мэдээ