Монголын театрт "МУЗА" чуулсан өдөр

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-05-14 14:17:54
Театр урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг  “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам Улаанбаатар хотноо болж шилдгүүдээ тодрууллаа. 14 дэх удаагийн тус наадмаас үзэхэд театрын урлагт шинэ залуус хүч түрэн орж ирж орчин үеийн театрын урлагийн хэлбэршил хэдийн үүсч бүрэлдээд буй нь тодхон харагдаж байлаа. Мөнхүү “Гэгээн Муза” наадам ч олон улсад хүрээгээ тэлж, гадны томоохон уран бүтээлчид тус наадамд чансаагаа сорьж, өөрсдийн бүтээлийн үнэлэмжийг тодорхойлох болсон нь Монголын теар “амьд” гэдгийн томоохон баталгаа болж буй юм.

Наадмын хувьд уламжлал ёсоор УДЭТ-ын гадна талбайд улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн билээ. Энэ удаагийн наадамд “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациад Монгол, ОХУ, Косова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлч өрсөлдсөн нь наадмын цар хүрээ дэлхийн олон улсыг хамрах болсон нь тодхон харагдаж байна.

Жишээлбэл ӨМӨЗО-ны уран бүтээлчдийн “Хайр шингэсэн тоорой”, “Эвтэй 4 амьтан” зэрэг хүүхдийн жүжиг, Украин улсын театрын олны “Муур байсан ч болоосой”, Аргентин улсын бүтээлчдийн “Мандрагора” зэрэг жүжиг тавигдсаныг дурдаж болно.



Мөнхүү наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, “Оросын театрын зүтгэлтэн нарын холбоо”-ны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажилласан юм. Тийм дээ ч наадамд оролцогч жүжигчин залуус, найруулагч, тайзны зураач, зохиолч нарын чанар чансааг сорьсон, Монголын уран бүтээлчдийн авьяас чадварыг гадаадын театруудад сурталчилсан онцлох зүйлс ихтэй байв.

МУЗАГИЙН ЭЗЭД

“Гэгээн Музай -2018”-ийн шилдэг найруулагчаар МУУГЗ Б.Баатар агсан “Монгол ардын суут” бүтээлээрээ шалгарсан юм. Тус жүжгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичжээ. Энэ жүжиг нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэгдсэн болно.



Жүжигт долоон дүр бий. Дөрвөн бэсрэгхэн үзэгдэл бүхий тус жүжгийн тайз нь “модон тэрэг”. Найруулагчийн уран шийдэл тайзны агуулга дээр бүр ч тодхон харагдана. Өнөөх тэрэг нь ганц модон дугуйтай бөгөөд бусад гурвыг тухайн нийгэмд хэрэглэж байсан эд зүйлстэй холбож өгчөө. Хаймран дугуйнууд нэгэн агшинд үл зогсох мэт хурдаар эргэлдэж нацист болон улаан террорын хөгжим нүргэлж өөрийн эрхгүй цөвүүн цагийн тухай бодоход хүргэнэ. Б.Баатар найруулагч зохиолчд бичсэн шиг олон өнгийн эрвээхэйг бүтээсэнгүй. Тайзыг бүхэлд нь бүрхсэн дэнгийн эрвээхэйнүүд хар өнгөтэй л байв. Мөнхүү энэ үйл явдал жүжгийн төгсгөлд бус дундуур нь үзэгдэх аж. Найруулагч жүжгийг тайзан дээр шинээр зохиомжилж, найруулан тавьдаг бололтой. Тиймдээ ч үзэгчдэд “эрх чөлөөтэй эрж хайж ургуулан бодох” нөхцлийг бүрдүүлж өгсөн учир “Гэгээ Муза”-гийн эзнээр тодорсон билээ.

Дараагийн онцлох учиртай жүжиг бол “Black Bock” театрт тавигдсан Францын абсурд театрыг үндэслэгч Самюэл Бэккэтийн “Годог хүлээхүй” жүжиг юм. Тус жүжгийг “Гэгээн муза” наадмын шагналт М.Боролдой найруулж монголын үзэгчдийн хүртээл болгосон нь театрын урлагийн хувьд онцлох үйл явдал болсон. Эстрагоны дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Г.Мөнхжаргал бүтээсэн бол Владимирын дүрийг мөн тус наадмын шагналт жүжигчин Д.Оюунзул, Лаккигийн дүрд Ч.Чулуунсүх, Поццогийн дүрд М.Батмагнай, хүүгийн дүрд Г.Есүй нар тогложээ.

Владимир буюу Дидигийн дүрийг эмэгтэй жүжигчин бүтээсэн байв. Толгойдоо бүрх гэхээс илүүтэй тороор сүлжиж хийсэн, том хэмжээтэй улбар шар цэцгийн дэлбээрхүү зүйл хатгасан титэм маягийн малгай өмсчээ. Дэлхийн томоохон театрууд тус дүрүүдийг хоёр эрэгтэй жүжигчнээр тайзанд амилуулдаг бол найруулагч М.Боролдой анх удаа эрэгтэй, эмэгтэй дүрийг бий болгосон зоримог, шийдэл байлаа. Ийнхүү “Гэгээ Муза” дэх удаагийн наадмын эмэгтэй гол дүрийн шилдэг жүжигчнээр “Годог хүлээхүй” жүжгийн
Владимирийн дүрээр Д.Оюунзул шалгарсан байна.



“Гэгээн Муза” 14 дэх удаагийн наадмын эзэн Д.Оюунзул шагнал авах үедээ "Энэхүү наадамд оролцсон уран бүтээлчдэдээ, шүүгчдэдээ халуун баяр хүргэе. "Годо-г хүлээсэн нь" абсурд жүжгийг Монголд зориг гарган тавина гэдэг тийм ч амаргүй гэдгийг мэдэж байна. Театрын Мягмар ах, Одончимэг эгч, найруулагч Боролдой нартаа  маш их баярлалаа" хэмээсэн юм.

Харин шүүгчдийн нэрэмжит шагналыг Украины жүжигчин Анна Яремчук болон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Г.Номуун нар хүртэв. Анна Яремчук "Бидний тоглосон жүжигт ямарч хадмал орчуулгагүй боловч зүрх сэтгэлээрээ ойлгож үзсэнд маш их баярлалаа" гэж сэтгэгдлээ илэрхийллээ.



Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” туужаас сэдэвлэн хоёр бүлэгт “Адууны түүх” жүжиг театрт тавигдсан нь бас нэгэн шигтгээ байлаа. Ийнхүү Азид анх удаа “Адууны түүх” жүжиг театрт мэндэлсэн юм. Жүжгийн гол дүр буюу “холстомер”-т тоглосон АЖ Г.Мягмарнаран “Энэ жүжиг их олон газар олон янзаар тавигдсан юм билээ. Харин бид Азидаа анхлан “Адууны түүх” бүтээлийг тавьж байна. Монголчууд адууны дэргэд өссөн, адуутай ойр байдаг ард түмэн. Энэ бол уран бүтээлчдийн ард түмэндээ өгч байгаа оюун ухааны асар том тэжээл юм даа” гэсэн буй. “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр Б.Шинэбаяр “Гэгээн Муза”-д нэр дэвшиж шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн бол тус жүжгийн тайзны зураач О.Баярмагнай ч мөн 14 дэх удаагийн Музагийн эзэн болсон юм.



Цаашилбал “Гэгээн Муза” академийн “Хүндэт муза” шагналыг МУГЖ Н.Мягмар, УГЗ Д.Цэрэнсамбуу, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн нар хүртсэн бол наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртэв.

Ийнхүү төрөл бүрт шилдгүүдээ шалгаруулсан “Гэгээн Муза - 2018” 14 дэх удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Бичвэрийнхээ төгсгөлд наадмын шилдгүүдийн жагсаалтыг хавсарган хүргэж байна.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

Шилдэг найруулагч Б.Баатар                          “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг тайзны зураач О.Баярмагнай            “Адууны түүх”  жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од              “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мягмарнаран         “Адууны түүх”  жүжгийн Холстмерийн дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Д.Оюунзул                “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Шинэбаяр        “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.Оюундарь       “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Н.Наранбаатар                          “Өндөр гэгээн” жүжгээр
Шилдэг тайзны зураач С.Ариунболд, В.Сэргэлэн   “Алтан хундага” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч В.Боролдой                   “Манлайбаатар” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Ч.Лхагвадорж                     “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Ш.Ургаа                              “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Сандуйжав                “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр В.Алтангоо                   “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал             “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал       “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг тайзны зураач Г.Доржгочоо                          “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар              “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Золжаргал                       “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Т.Халиунсор                       “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Э.Батболд                     “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Б.Золзаяа                     “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

Шилдэг зохиолч Я.Баяраа                                        “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг найруулагч Л.Энхбаяр                                “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин Ч.Уранбилэг                 “Нохойн хурим” жүжгээр
Шилдэг эрэгтэй жүжигчин Г.Мишээл                       “Итгэлийг эвдэгч” жүжгээр тус тус шалгарчээ.
 

Тоймч: Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ