Саунд байнга орох нь зүрхний шигдээс тусах эрсдэлээс сэргийлдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 11:00:14
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. Саунд байнга суух нь зүрхний шигдээс тусах эрсдэлийг бууруулдаг байна. Энэ тухай Зүүн Финландын их сургуулийн хэвлэлийн алба 15 жилийн турш үргэлжилсэн судалгааны дүнд үндэслэн мэдээлжээ.
 
Судалгаанд Финландын Куопио хотын оршин суугчид болох 53-74 насны эрэгтэй, эмэгтэй 1628 хүн хамрагдсан байна. Тэднийг саунд хэр тогтмол ордогоор нь гурван бүлэгт хуваажээ. 
 
Ингээд 15 орчим жилийн хугацаанд ажиглалт хийхэд, долоо хоногт 4-7 удаа саунд суудаг хүмүүсийн хувьд зүрхний шигдээсээр өвдөх магадлал нь долоо хоногт ганцхан удаа саунд ордог хүмүүстэй харьцуулахад 61 хувиар бага байжээ. Харин долоо хоногт 2-3 удаа саунд ордог хүмүүсийн хувьд дээрх магадлал 14 хувиар бага байсан байна.
 
Түүнээс гадна, саунд суух нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь эергээр нөлөөлдөг нь ажиглагджээ. Үүний шалтгаан нь, саунд сууснаар цусны даралт буурч, дархлааны тогтолцоо идэвхжин, зүрхний үйл ажиллагаа сайжирдагтай холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
 
Саунд суух нь цусны даралтыг бууруулж, судасны уян хатан чанарыг сайжруулдаг гэдгийг эрдэмтэд өмнө нь тогтоосон билээ. Саунд тогтмол ордог хүмүүсийн хувьд уушигны янз бүрийн өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг аж. Түүнчлэн байнга саунд орох нь ой ухаан муудах өвчнөөс сэргийлдэг байж магадгүй гэнэ.
 
 Э.Аянзаяа 
 

Холбоотой мэдээ