Усанд сэлэлтийн ДАШТ-д Умард Солонгосыг оролцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-04-27 12:48:15
КУАНЖҮ. /Ёнхап/. Ирэх онд болох усанд сэлэлтийн ДАШТ-д Умард Солонгосын тамирчдыг оролцуулна гэдгээ уг тэмцээнийг зохион байгуулах Өмнөд Солонгосын холбогдох албаны хүн мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 330 орчим км зайтай орших Куанжү хот нь ирэх оны долдугаар сарын 12-28-нд усан сэлэлтийн ДАШТ-ийг зохион байгуулна. Хоёр жил тутамд болдог усанд сэлэлтийн  ДАШТ-ийг Өмнөд Солонгос анх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

ДАШТ-ийг зохион байгуулах хорооны тэргүүн Чо Ён Тэк энэ тэмцээний бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ “Солонгосын хойгийн энх тайван байдлыг хөхиүлэн дэмжих үүднээс бид энэ ДАШТ-д Умард Солонгосыг оролцуулахаар төлөвлөж байна. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж байна” гэжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ