Ц.Цогзолмаа: Боловсролын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д оруулж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-27 11:56:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан.  Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж. 

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд сум, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж чөлөөлдөг байх нь зөв гэсэн байр суурьтай байсан бол нөгөө хэсэг нь хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байв. Тухайлбал, 2012 оноос өмнө цэцэрлэг сургуулийн эрхлэгч нар 10, 20 жилээр ажлаа хийж тогтвортой ажилладаг байсан. Гэтэл 2012 оноос тэдгээр томилгоонд улстөржилт орж, нэг эрхлэгчийн ажилд 9 удаа өөр томилгоо хийсэн тохиолдол гарлаа хэмээн шүүмжилж байлаа.
 
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэдгээр зөрүүтэй байр суурьтай байгаа гишүүдэд хандаж, “Салбарын яам боловсролын багц хуулийг удахгүй оруулж ирнэ. Бидэнд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага бий. Үүн дотроо мэргэжлийн боловсон хүчний асуудал их чухал. Ямар бодлого дэвшүүлэв, түүнд нь тохирох боловсон хүчин хэн байх вэ гэдгийг уялдуулж багц хуулиа боловсруулна. Иймд одоогийн ярьж байгаа томилгоотой холбоотой энэхүү хуулийг дэмжих боломжгүй. Яагаад гэвэл боловсролын салбарыг системээр нь шинэчлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд салбарын хуулинд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Иймд багц хуулийн шинэчлэлээр тогтолцооны шинэчлэлийг ярих нь зүйтэй" хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул
 
Холбоотой мэдээ