МУЗН-ээс 1000 малчин өрхөд хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-25 15:35:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН), Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллагаас Увс, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгийн малчин өрхүүдэд хүргэх тусламжийн цуваа өнөөдөр нийслэлээс хөдөллөө.

Тусламжийн багцад малын эрдэст тэжээл, сүү орлуулагч зэрэг хаврын сульдсан малд нэн хэрэгцээт бүтээгдэхүүнийг багтаасан бөгөөд дээрх гурван аймгийн хаваржилт хүндэрсэн 20 сумын 1000 малчин өрхөд хүргэх юм.

Уг тусламжийг хуваарилахдаа 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх зэрэг шалгуур тавьжээ.

МУЗН өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөг, 115 мянган төгрөгийн өртөг бүхий малын эрдэс тэжээлийн багцийг хүргүүлсэн билээ. Мөн “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд Төв, Өвөрхангай аймгийн 13 сумын малчин өрхүүдэд 15 мянган боодол өвс олгожээ. Түүнчлэн өнгөрсөн сард Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай байгаа долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ