Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулж болох газруудаас Монгол болон Сингапур тунаж үлдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-25 10:44:26
СӨҮЛ. /Korea JoongAng Daily/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны уулзалтыг зохион байгуулж болох газрууд гэгдэж байсан улсууд дундаас Монгол болон Сингапур тунаж үлдээд байгаа тухай Өмнөд Солонгосын “Korea JoongAng Daily” өдөр тутмын сонин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснийг иш татан мэдээллээ.

Эх сурвалж хэлэхдээ “Саяхныг хүртэл Швейцарь болон Швед зэрэг Европын улсуудад уг уулзалтыг зохион байгуулахаар ярьж байсан. Гэвч Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хүрэхэд хүндрэлтэй учир тэдгээр газар жагсаалтаас хасагдсан. Сингапур болон Монголын аль нэгэнд нь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар талууд одоо яриа хэлэлцээ хийж байна. Талууд шийдвэрээ энэ долоо хоногт багтан гаргачих байх” гэжээ.

АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалжийн хэлснээр, Умард Солонгосын удирдагч зогсолтгүйгээр хүрч очиж болох газарт уулзалтыг хийх хүсэлтэй байгаа аж. Зөвлөлтийн нэгэн нисэх онгоцыг өөрчлөн хувиргасан “Чаммай-1” хэмээх Умард Солонгосын удирдагчийн хувийн нисэх онгоц нь зогсолтгүйгээр хамгийн холдоо 5000 км замыг туулах чадалтай аж. Пхеньянаас Стокгольм хүрэхэд 7200 км, Цюрих хүрэхэд 8500 орчим км учир Европын орнуудыг уулзалтыг хийж болох газруудын жагсаалтаас хассан гэнэ.

Мөн эх сурвалж хэлэхдээ “Умард Солонгосын хувьд Сингапур гэхээсээ илүүтэйгээр Монголд уулзалт хийх сонирхолтой байна. Монголтой найрсаг харилцаатайгаас гадна галт тэргээр хүрч очих боломжтой зэрэг хүчин зүйлийг Умард Солонгос харгалзан үзэж, Монголд уулзалт хийхийг илүүд үзэж байна” гэжээ.

АНУ  болон Монгол нь мөн найрсаг харилцаатай боловч Монголын нийслэл Улаанбаатарын дэд бүтцийг  Вашингтон “тааруу” гэж үзэж, Сингапурт уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байна гэж эх сурвалж хэлсэн байна.

Холбоотой мэдээ