Улаанбаатарын иргэд хөдөөд газар өмчлөх эрх нь нээлттэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-25 10:19:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Тус хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгаад буй. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Иргэд яагаад газраа өмчилж авахгүй байна вэ. Өмчилж авсан газар нь эдийн засгийн хувьд яагаад  өгөөжгүй байна вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Бидний өнөөгийн барьж ирсэн бодлого зөв явж байна уу. Одоо Улаанбаатарт өмчлөх газар бий юу. Иргэн хүн амьдарч байгаа газраасаа өөр газар өмчлөх боломжтой юу" гэсэн асуудлыг тодруулсан юм. Эл асуултад Ажлын хэсгийн зүгээс, "Өнгөрсөн 15 жилд улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан. 2011 онд хийсэн тооцооллоор 242 мянган га газрыг өмчлүүлж болох бололцоотой гэж гарч байсан. Одоо 130 мянган га газарт газар өмчлөл явж байна. Улаанбаатар хотын иргэд аймаг суманд газар өмчилж авах бололцоотой. Одоогийн байдлаар 37 мянган иргэн орон нутагт газар өмчилж авсан" гэсэн хариултыг өгөв.
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "16 нас хүрсэн иргэн газар өмчилж авдаг байх хэрэгтэй. Хүүхдийн хувьд газар эзэмшдэг байхад болно. Энэ хууль бол хуурай хууль. Иргэдэд ямар ч дэд бүтэцгүй хоосон газар олгох гэж байна" гэсэн байр суурьтай байлаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “Газрын тухай хуулийг бид шинээр боловсруулж байгаа. Тэрхүү хуулинд шаардлагатай бусад асуудлыг тусгаж оруулж ирэх болно. Одоогийн ярьж байгаа хуулиар бол зөвхөн газар өмчлөлийн хугацааг сунгах асуудлыг тусгасан" гэсэн хариу тайлбар хийсэн.
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Монгол Улсын нийт газар нутгийн хэдэн хувь нь хүн оршин сууж болохоор газар нутаг байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Улаанбаатарын иргэн хөдөөд газар өмчилж болно гэлээ. Орон нутгийн хүнд сурталтнууд үүнийгээ ойлгож байгаа юу" гэхэд Ажлын хэсгээс, "Улаанбаатарт 250 мянган хашаа байгаагаас 86 хувь нь газраа өмчилж авсан. 51 мянган иргэн зуслангийн газар эзэмшиж байгаа. Улаанбаатарын хувьд газрын нөөц хомс. Хөдөөд Улаанбаатарын иргэд газар өмчилж авах эрх нь нээлттэй" гэсэн юм. 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү энэ үеэр хэлэхдээ одоогийн нөхцөлд Улаанбаатарын зарим дүүрэгт өмчлөх газар байхгүй болсон гэдгийг дуулгаад шинэ суурьшлын бүс үүсгэж байгаа тохиолдолд дэд бүтцийн асуудлыг давхар шийддэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь тус хуулийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг дэмжив.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ