ШӨХТГ зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийг 500 мянгаас 5 сая хүртэл төгрөгөөр торгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-19 16:37:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас өнөөдөр 2018 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, олон  аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ. 
 Харин инфляци өмнөх оны эцсээс 6.9 хувиар өссөн. Үүний гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ 11 хувиар өссөнтэй холбоотой гэв. 2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол иржээ.
Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 7 компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд "хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тэдгээр аж ахуй эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулжээ.
Тодруулбал, "Магнай трейд", "Петростар", "Содмонгол", "Шунхлай", "Жэй-эм-ойл", "Тэс петролиум", "Ойн бирж" зэрэг компанид тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.Мөн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч жижиглэнгийн үнийг нэг литр тутамд орон нутагт 100-150, Улаанбаатар хотод 30-100 хүртэл төгрөгөөр нэмсэн нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул нэр бүхий 10 аж ахуй нэгжийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн эмийн үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгжийг ч шалгажээ. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг дүгнэлтгүйгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж сурталчлан иргэдийг төөрөгдүүлсэн "Сакуралайфмакс" ХХК-ны "Алимак" нэрийн 4 төрлийн бүтээгдэхүүн сурталчилсан үйлдэлд 5 сая төгрөг, хууль бус сурталчилгаа түгээсэн эмнэлгийн ажилтнуудыг  5 сая төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан байна. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 6 дүүргийн 20 гаруй аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчил илэрсэн "Улаанбаатар Шангри-ла" ХХК-ны "Наадам" төв, "Ноён уул" компаний "World wine" дэлгүүрт 500 мянгаас 5 сая төгрөгийн торгууль ногдуулснаа мэдээлэв. 
Ж.Батсайхан 
Холбоотой мэдээ