Усны бохирдолтой сав газрууд нэмэгдэн, гамшгийн байдалд хүрч болзошгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-04-19 16:24:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтжээ.

Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч, энэ нь цаашдаа улам нэмэгдэн, гамшгийн байдалд хүрч болзошгүй  гэсэн үзүүлэлт гарчээ.

Усны бодлого зохицуулалтын асуудлыг хариуцсан төрийн  байгууллага болон их дээд сургууль, төрийн бус  байгууллагуудын холбогдох албан тушаалтан,  эрдэмтэн, судлаачид, сонирхчдын бүрэлдэхүүн  бүхий олон талын оролцоотой “Усны засаглал” сэдэвт хэлэлцүүлгийг Пума империал зочид буудалд зохион байгуулав.

Улмаар усны зохисгүй хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд төрийн байгууллага, эрдэмтэд судлаачид хамтран ажиллах усны бодлогыг засаглалын түвшинд авч үзэх, үр ашигтай тогтолцоог бий болгох нь чухал гэдэгт  төлөөлөгчид төвлөрөв.

Усны хомсдол, бохирдлоос хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах зэрэг сөрөг дагаварууд гарч байна.Усны байгууламжууд хуучирч, муудсан, байгалийн эрсдлүүд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргээс хамаарч устай холбоотой зөрчил ихэссээр байгаа аж. Улмаар усны зохицуулалтын эрх зүйн орчныг өнөөгийн шаардлагатай уялдуулан шинэчлэх, хяналтын системийг сайжруулах, мэдээллийн системийг жигд хүртээмжтэй хангах, ил тод, нээлттэй байх, талуудын оролцоог нэмэгдүүлэн гүйцэтгэлийн чадавхийг хөгжүүлэх  шаардлагатайг мэргэжилтнүүд тодотголоо. 

Манай улсын хувьд усны салбарын дэд бүтцийг сайжруулах, олон улсын байгуулага бусад улсын санхүүжилт, зээл тусламжийн өгөөж, үр дүнг  нарийвчлан авч үзэх шаардлага байгаа аж.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ