Ким Жөн Уны нууцлаг айлчлалын зорилго ил болсон нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-31 11:16:46
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ долоо хоногийн эхээр Хятад улсад  айлчлал хийсэн нь ажиглагчдын таамгийг будилуулсан гэнэтийн үйл явдал боллоо. Өмнөд Солонгос, АНУ-ын Ерөнхийлөгч нартай удахгүй уулзах гэж буй Умард Солонгосын удирдагч нэг хэсэгтээ нам гүм байх болов уу хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байсан юм.

Тэрбээр эцгийнхээ унаж байсан хуягласан галт тэргийг хөлөглөн Бээжинд ирж, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийлээ.  2011 онд засгийн эрхийг авснаасаа хойш гадаад оронд хийж буй Ким Жөн Уны анхны айлчлал нэлээд нууцлаг байдалд болж өнгөрсөн байна. Хуягласан галт тэргээр Ким Жөн Ун биш харин түүний дүү охин Ким Ё Жон Бээжинд ирсэн гэж таамаглаж байсан хүмүүс ч олон байв. Учир нь, Ким Ё Жон сар гаруйн өмнө Пёнчаны өвлийн Олимпын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзаж, түүнд ахынхаа илгээлтийг дамжуулж байсан билээ.

Улс орнуудын удирдагчдыг хүлээн авах хүндэтгэлийн ёслол дулааны улиралд Бээжин дэх Ардын их хурлын ордны өмнөх талбайд болдог. Гэтэл Кимийн айлчлалын үеэр Бээжин хотод +20 хэм байсан хэдий ч ёслолын үйл ажиллагаа танхим дотор болсон нь айлчлал нууцлаг байдалд болж өнгөрснийг харуулж байна. Нөгөөтэйгүүр, айлчлал 25-27-нд болсон боловч Ким Жөн Ун Бээжингээс хөдөлсний дараа буюу 28-ны өдөр л Умард Солонгос болон Хятадын хэвлэлийнхэн айлчлалын талаарх мэдээллийг албан ёсоор цацаж эхэллээ.

Японы эрх баригчид эл айлчлалын талаар мэдээллийн агентлагуудын мэдээнээс олж мэдсэндээ сэтгэл дундуур байгаа бөгөөд уг айлчлалын талаар тодорхой мэдээлэл өгөхийг Хятадын талаас хүссэн байна. Харин Кимийн хийх гэж буй айлчлалын талаарх мэдээллийг Хятадын тал Цагаан ордонд урьдчилаад өгсөн байжээ.

Гэнэтийн айлчлалын зорилго

Бээжинд болсон хэлэлцээний үеэр Ким Жөн Ун айлчлалынхаа зорилгыг тодорхойлж хэлэхдээ “Хятад улсын даргаар дахин сонгогдсон Ши Жиньпин танд өөрийн биеэр очиж баяр хүргэх нь миний үүрэг” гэсэн байна. Мөн Солонгосын хойгийн байдлын талаар өөрийн биеэр ирж мэдээлэл өгөхийн тулд Хятад улсад айлчилсан гэдгээ Ким Жөн Ун хэллээ. Анхныхаа айлчлалыг Хятад улсад хийсний учир шалтгааны тэрбээр тайлбарлахдаа “би хоёр орны найрамдалт харилцааг эрхэмлэн үнэлдэг, миний айлчлалын зорилго бол хятад нөхөдтэй уулзаж, стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, уламжлалт найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлэх явдал” гэв.  

Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн нь ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татсан мэдэгдэл байлаа. Хэлэлцээний явцад Хятадын удирдагч хэлэхдээ, эцэг болон өвөг эцэг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй төлөө байсан гэдгийг Ким Жөн Унд хоёр ч удаа сануулан хэлсэн байна. Үүний хариуд Ким хэлэхдээ “хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос улс бидний хүчин чармайлтад сайн санааны үүднээс хандваас цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн байна” гэжээ.

Гэнэтийн айлчлал хийсэн Ким Жөн Уны хувьд Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчидтай уулзахынхаа өмнө “ар талаа бэхжүүлэн бататгах” зорилго өвөрлөж байгааг ажиглагчид онцоллоо. Тодруулбал, Трамптай хэлэлцээ хийхийнхээ өмнө “Бээжин миний ард байгаа шүү” гэж харуулах зорилготой нь илэрхий байна.

Өмнөд Солонгосын зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Ким Жөн Ун “ар талаа улам найдвартай болгож авах”-ын тулд ойрын үед ОХУ-д айлчилж магадгүй. Ойр дотно харилцдаг хоёр их гүрэнтэй байр сууриа зөвшилцөж чадсан Умардын удирдагчийн хувьд Д.Трамп, Мүн Жэ Ин нартай хийх хэлэлцээний үеэр өөртөө илүү итгэлтэй байх нь ойлгомжтой. Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Умардын удирдагч Ким Жөн Ун, Өмнөдийн удирдагч Мүн Жэ Ин нар хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүс дэх Панмүнжом сууринд 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзахаар тохиролцжээ.

Үүний сацуу Японы тал Өмнөд Солонгосын эрх баригчдад хандан Умард Солонгостой дээд хэмжээний уулзалт /Шинзо Абэ-Ким Жөн Ун/ хийхэд зуучлахыг хүссэн тухай мэдээ ирж байна.

Хятад улсад хийсэн Кимийн гэнэтийн айлчлал нь хоёр улсын харилцааг хэвийн голдрилд оруулахаас гадна Ким-Трампын уулзалт Бээжин хотод болох магадлалыг улам нэмэгдүүллээ. Трампын тухайд, тэрбээр твиттер хуудсандаа “БНАСАУ-ын удирдагчтай хийсэн уулзалт нь амжилттай болсон тухай Ши Жинпинь надад мэдээлсэн” гэсний сацуу “Пхеньяны эсрэг хориг одоохондоо  хэвээр үйлчлэх ёстой” гэдгийг онцолсон байна. Түүнчлэн “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг тогтоох боломж өчүүхэн төдий ч байхгүй гэж олон жилийн турш ярьцгааж ирсэн. Харин одоо Ким ард түмнийхээ төлөө болон бүх төрөлхтний төлөө зөв зүйлийг хийх боломж гарч ирлээ. Түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Америкийн Ерөнхийлөгч жиргэсэн байна. 

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээгээ улам чангатгасны улмаас Умард Солонгосын эдийн засаг маш хүнд байдалд орсон. Энэ оны 10 дугаар сар гэхэд тус улсын гадаад валютын нөөц шавхагдаж дуусна гэж ВВС-гийн мэдээнд дурджээ. Ийм учраас Ким Жөн Ун айлчлалынхаа үеэр хоригийг зөөлрүүлэх, боломж гарвал цуцлах талаар Хятадын удирдагчтай зөвлөлдсөн байж тун магадгүй. 

Ким Жөн Уны айлчлал нь Хятадын талд ч мөн адил ашигтай юм. Оросын дорно дахиныг судлаач Ю.Тавровский ярихдаа “Хятад улс Умард Солонгостой эдийн засгийн харилцаагаа хумиж, тусламжаа багасгаснаар Пхеньянд нөлөөлж чадахгүй болсон гэсэн дүгнэлтийг олон улсын ажиглагчид хийх болсон. Харин энэ удаагийн айлчлал нь Хятад улс Солонгосын хойгийн асуудлаарх хэлэлцээний гол оролцогч гэдгийг харууллаа” гэж дүгнэсэн байна. Сүүлийн үед Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаахад чиглэсэн  санаачилгыг умардынхан болон өмнөдийнхөн, тэрчлэн америкчууд гартаа аваад байгаа билээ. Харин Ким Жөн Ун Бээжинд айлчилсан нь Хятад улсыг Солонгосын хойгийн асуудлаас хөндийрүүлж болохгүй, хятадууд бол “гол тоглогчдын нэг”  гэдгийг харуулсан үйл явдал яах аргагүй мөн.  

Харилцаанд үүссэн ээдрээ  

Нэгэн цагт Хятадын удирдагч асан Мао Зэдун хоёр орны харилцааг “шүд, уруул мэт ойрхон” гэж тодорхойлж байсан юм.  /эх сурвалж: ВВС/



Умард Солонгосын цорын ганц холбоотон, худалдааны гол түнш нь болох Хятад улсын Пхеньянтай харилцах харилцаа 2013 оноос ээдрээтэй болж эхэлжээ. Шинэ залуу удирдагч Ким Жөн Ун хоёр орны эдийн засгийн харилцааг зохицуулж байсан гол хүн буюу өөрийн авга ах болох Жан Сон Тэк-ийг цаазаар авснаас хойш Хятад-Умард Солонгосын харилцаа хүйтэн хөндий болж эхэлсэн билээ.

Цаашилбал, 2016 онд Гуанжоу хотод “Их 20”-ийн уулзалт болж байх үед,  түүнчлэн 2017 онд Сямень хотод “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт болж байх үед Умард Солонгосын тал баллистик пуужингууд хөөргөн туршсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэж байсан удаатай. Энэ бүхний дараа 2017 онд Умард Солонгосын эсрэг хоригийг чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг Хятад улс дэмжсэн байна. 



Ши Жинпиний тавьсан саналууд

Ким Жөн Уны энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин хоёр улсын харилцааг хөгжүүлэх 4 зарчмын тухай саналыг БНАСАУ-ын талд тавьсан байна. Юуны түрүүнд өндөр хэмжээнд харилцаа холбоо, солилцоог хэвээр хадгалах нь чухал гэдгийг дурдлаа. Шинээр үүссэн нөхцөл байдалд бид янз бүрийн түвшинд, янз бүрийн хэлбэрээр байнгын харилцаа холбоотой байх, тухайлбал, харилцан айлчлал хийх, элч нарыг харилцан илгээх, захидлаар харилцахад бэлэн гэж Ши Жинпинь хэллээ. 

Хоёрдугаарт, цаг хугацааны шалгуурыг давж чадсан стратегийн шинжтэй харилцааг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй гэдгийг дурдсан байна. Намуудын харилцаа, янз бүрийн салбарын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь чухал хэмээн Хятадын удирдагч үзжээ.  

Ши Жинпиний санал болгосон гуравдахь зарчим бол энхийн хөгжлийг идэвхтэйгээр дэмжих явдал юм. “Өнөөдөр Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орж, БНАСАУ-д социалист бүтээн байгуулалтын өрнөл түүхийн шинэ үе шатанд гарч байгаа учраас бид БНАСАУ-тай хүчин чармайлтаа нэгтгэсний үндсэн дээр энх тайвны тугийг өндөрт өргөн мандуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хоёр орны ард түмнүүдийн аж амьдралыг дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд бодитой бүтээлч хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэлээ.

Дөрөвдүгээрт, хоёр ард түмний хоорондын найрамдлыг бэхжүүлж, иргэд хоорондын ялангуяа залуу үеийнхний хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэн, ахмад үеийнхнээс өвлөгдөн ирсэн БНХАУ-БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг хадгалан хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

Эцэст нь дүгнэхэд, Ким Жөн Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлжсэнээр Д.Трамп, Мүн Жэ Ин нартай хийх хүнд хэцүү хэлэлцээний өмнө өөрийн байр суурийг бэхжүүлж чадсан нь тэрбээр мэдрэмжтэй, чадварлаг улстөрч болохыг харууллаа.

Б.Адъяахүү
 
 
 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ