В.Путинийг супер ялалтанд хүргэсэн бодит шалтгаанууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-21 12:51:51
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдсөн одоогийн төрийн тэргүүн В.Путин 76,69 хувийн саналаар ялалт байгуулж, улс орноо 2024 он хүртэл 4 дэх удаагаа удирдах нь тодорхой боллоо. Оросын Сонгуулийн Төв комиссын мэдээлснээр бол, сонгуулийн эцсийн дүн 7 хоногийн дараа гарах бөгөөд учир нь гадаад орнуудаас ирэх саналын хуудсуудыг тоолоход тодорхой хугацаа шаардлагатай байгаа аж. 

Нарийвчилсан статистик мэдээллээр, 76,69 хувийн санал гэдэг нь Путинийг 56 сая 200 мянга гаруй сонгогч дэмжсэн гэсэн үг юм. Өмнө нь гурван удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо тэрбээр 2000 онд 39,74 сая, 2004 онд 49,56 сая, 2012 онд 45,6 сая сонгогчийн санал тус тус авч ялалт байгуулж байжээ. Харин энэ удаагийн сонгуульд 56,2 сая санал авсан нь рекорд амжилт бөгөөд энэ нь нэг талаас сонгуулийн ирц харьцангуй өндөр /67,49%/ байсантай холбоотой. 

В.Путин энэ удаагийн сонгуульд ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан, гэхдээ ийм өндөр хувьтайгаар, итгэлтэйгээр ялалт байгуулна гэдгийг урьдчилан таамаглаж байсан ажиглагчид төдий л олон байгаагүй болов уу. 1 дүгээр сарын сүүлчээр Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвийн /ВЦИОМ/ хийсэн тандалтаар Путин 69,9 хувийн санал авахаар төлөв харагдаж байсан бол Левада-Центр төвийн судалгаагаар 65 хувиар ялахаар байлаа.

Супер ялалтанд хүргэсэн шалтгаанууд
 
Орос улсад рублийн ханш огцом унан, 2014 онд Крымыг нэгтгэсэнтэй холбоотойгоор барууныхны авсан хатуу хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, ард иргэдийн аж амьдрал сайжрахгүй байгаа энэ үед Путиний нэр хүнд өндөр хэвээр байгаагийн учир юу вэ? Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяхан хавчиж, сөрөг хүчнийхнийг сонгуульд оролцуулахгүй байгаа, сонгуулийн дүнг байнга луйварддаг, тамирчид нь сэргээш хэрэглэдэг хэмээн Путинийг буруутгасаар байгаа боловч түүний нэр хүнд өссөөр байгаагийн учир юу вэ?
 
Үүний учрыг барууны шинжээчид болон Оросын нийгмийн сэтгэл зүйчид янз бүрийн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Путиний ялалтад гурван хүчин зүйл голлон нөлөөлжээ гэсэн дүгнэлтийг Оросын улс төр судлаач Олег Матвейчев хийлээ.

Юуны өмнө, Путин бол тогтвортой байдлын бэлгэ тэмдэг бөгөөд хэрвээ өөр хэн нэгэн сонгуульд ялсан бол улс орны байдал тогтворгүйтэх магадлал өндөр байлаа.

Хоёрдугаарт, Путин бол Орос улсын сүр хүчний бэлгэ тэмдэг, баталгаа юм. Түүнийг улс орноо удирдаж байх хугацаанд Орос улс Крымыг буцаан авч, Сирид террористуудыг бутцохиж, шинэ төрлийн зэвсгүүдтэй болсон.
 
Гуравдугаарт, Матвейчевийн үзэж байгаагаар, Путин бол Орос улсын ирээдүйн хөгжлийн баталгаа ажээ. 
 
Маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн эмх замбараагүй дэлхий ертөнцөд амьдарч байгаа хүмүүст “нийгэм тогтвортой байгаасай” гэсэн бодол байнга сэтгэлд нь хадаатай явдаг. Тэд маргаашдаа итгэлтэй байхыг, өөрсдийн сонгож авсан хөгжлийн зам нь зөв гэдэгт итгэлтэй байхыг хүсч байгаа учраас тогтвортой байна гэсэн итгэл найдварыг төрүүлсэн ямар ч зүйлээс атгаад авахыг хүсч, хүчтэй зоригтой манлайлагч хүмүүсийг тойрон нягтардаг байна. Ийм хүмүүсийн нэг бол В.Путин гэдгийг Оросын нийгмийн сэтгэл зүйчид онцлон тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр, улс орноо олон жилийн турш удирдаж ирсэн Путиний туршлага нь түүнийг төгс ялалт байгуулахад нөлөөлсөн гэж үзэж болно. 11 цагийн бүсэд хуваагдсан асар өргөн уудам нутагтай улс орныг туршлагатай хүн л удирдаж чадна гэсэн бодол Оросын сонгогчдын сэтгэхүйд баттай суужээ.
 
Гэтэл хамгийн сүүлд болсон Төрийн Думын сонгуульд сонгогчдын ердөө 47 хувь оролцсон нь ард иргэдийн зүгээс парламентад итгэх итгэл суларч байгаагийн шинж тэмдэг юм. Тэр дундаа “ерөнхийлөгчийн нам” гэгддэг “Нэгдмэл Орос” намын явуулж буй бодлогыг оросууд төдийлөн таашаахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн намд бус харин ерөнхийлөгчид өөрт нь илүү их итгэл хүлээлгэж байгаа нь улс төрийн сонирхолтой үзэгдэл юм. Энэ үед Путин бие даан өрсөлдсөнөөр итгэлтэй ялалт байгуулж чадлаа.
 
Хуурамч эх оронч дүр эсгэдэггүй, эх орондоо чин зүрхнээсээ хайртай, гуйвж дайвдаггүй, өөрийн үзэл бодолд тууштай үнэнч зэрэг ёс суртахууны маш хүчирхэг шинж чанарууд Путинд байдаг нь Оросын ард түмэнд ирээдүйдээ итгэх итгэл найдварыг төрүүлсэн гэдгийг ажиглагчид онцолж байна.
 
Тэрбээр жил бүр телевизийн шууд ярилцлагад оролцож, улс орны өнцөг булан бүрт амьдардаг хүмүүсийн санал гомдлыг сонсч, хүнд суртал гаргадаг албан тушаалтнуудыг донгодон шийтгэдэг. Энэ  нь сонгогчдын талархлыг хүлээсэн нь мэдээж.  


 
Яг үнэндээ бол энэ удаагийн сонгуульд Путинтэй бодитойгоор өрсөлдөх хүн алга байлаа. “Путин биш бол өөр хэн байх билээ” гэсэн үгийг Оросын иргэдийн ихэнх нь асуултыг асуултаар хариулан хэлж байлаа. Өрсөлдөгчид гэгдэж буй хүмүүс нь үнэн хэрэгтээ Путиний ойрын хүрээллийн хүмүүс юм. Ксения Собчак гэхэд нэрээ дэвшүүлэх эсэхээ Путинтэй зөвлөлдсөн гэдэг яриа бий. Жириновскийн хувьд түүний улс төрчийн замналаа Путиний эрин үед туулан өнгөрөөж байгаа. Грудинин гэхэд Ерөнхийлөгчийн гараас нэг бус удаа шагнал хүртэж байсан гэх жишээтэй. 
 
2000-2025 онд  
 
Путин улс орноо удирдсан сүүлийн 18 жилийн хугацаанд Орос улсад олон өөрчлөлт гарсан билээ. Нефтийн үнэ огцом өссөнөөр Путинд эдийн засгийн салбарт өөрчлөлт хийх боломж гарч ирсэн юм. Иргэдийн ихэнхийн хувьд амьжиргаа нь дээшилж, 2013 оныг хүртэл цалин хөлс нь тогтмол өссөөр иржээ. Оросуудын дундаж нас 5 жилээр уртасч, төрөлт нэмэгдсэн байна.
 
2000 онд оросууд сарын дундаж цалингаараа 56 ширхэг Биг-Мак гэдэг хачиртай талх худалдан авдаг байсан бол одоо 301 ширхэгийг худалдан авдаг болсноор бодит цалин нь 5,5 дахин өссөн байна. 
 
Үүний сацуу, Оросын арми шинэчлэгдэж, орчин үеийн зэвсгээр хангагдан хүчирхэгжив.
 
Энэ бүхнийг бүхэлд нь нэгтгээд ганцхан жишээ дурдъя. Путинийг анх удаа Ерөнхийлөгч болж байх үед “Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад оросуудын нэр огт байхгүй байсан бол 2018 онд уг жагсаалтад Оросын 101 иргэн бичигдээд байгаа тухай ВВС-гийн тоймд дурджээ. Оросын хамгийн залуу тэрбумтан бол 33 настай Павел Дуров бөгөөд тэрбээр Путинийг анх төрийн тэргүүн болж байх үед дунд сургуулиа төгсөөгүй байв. 
 
Эдгээр болон бусад тоон үзүүлэлт нь Путин энэ удаагийн сонгуульд хол тасархай ялахад нөлөөлсөн гэж үзэхээс өөр аргагүй.
 
Түүнээс гадна, сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө В.Путин “үндэсний хэмжээний зорилтууд” хэмээх ирэх зургаан жилд хэрэгжүүлэх нэлээд том амбицтай төлөвлөгөөгөө танилцуулсан байна. 

Уг төлөвлөгөөнд: Оросын эдийн засгийг дэлхийн хамгийн том 5 эдийн засгийн нэг болгох, эдийн засгийн өсөлтийг дэлхийн дундаж өсөлтөөс дээгүүр хэмжээнд байлгах, ядуурлын түвшинг 2 дахин бууруулах гэх мэт томоохон зорилтууд тусгагдсан байна.

Цаашилбал, одоогоор хүн амын дундаж наслалт 73 байгааг 2024 он гэхэд 78-д 2030 он гэхэд 80-д хүргэхээр заасан байна. Орон сууцны хангамжийг эрс сайжруулж, жил бүр 5 саяас доошгүй тооны өрхийг шинэ орон сууцанд оруулна гэж Путин амлажээ. 

Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд Орос улс дахь бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээнүүд авахаар төлөвлөжээ. Тодруулбал, 2025 он гэхэд Оросын жижиг дунд бизнес эрхлэгчид ДНБ-ний 40 хувийг бүрдүүлдэг болох ба тэдний тоо 19 саяас 25 саяд хүрэх аж.
 
Бусад шалтгаанууд
 
Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө В.Путин Оросын парламентын дээд танхим болох Холбооны хуралд үг хэлэхдээ, стратегийн зориулалттай, дуунаас хэт хурдан бөгөөд физикийн шинэ зарчмуудад суурилсан хэт орчин үеийн зэвсгүүдийг Оросын эрдэмтэд зохион бүтээсэн гэдгийг дурдаад ”эдгээр зэвсэг нь эсрэг талын хамгаалалтын системд өртөхгүйгээр цөмийн болон цөмийн бус цохилтыг дэлхийн аль ч цэгт өгөх боломжтой” гэдгийг онцолсон билээ. Ингэснээр Орос улсын аюулгүй байдал ойрын 10 жилийн хугацаанд баталгаатай хангагдлаа гэж зарим шинжээчид үзэж байна. Орос улс супер зэвсгүүдтэй болсныг Путин зарласны дараа түүний рейтинг 70 хувиас хол давжээ.
 
Нөгөөтэйгүүр, Путин маш өндөр хувиар ялалт байгуулсан нь сүүлийн хэд хоногийн турш шуугиан тариад буй Оросын тагнуулч С.Скрипалийг химийн бодисоор хордуулсан гэх хэрэгтэй холбоотой гэж зарим шинжээчид үзэж байна. Энэ явдал Москва болон барууны орнуудын хоорондын харилцааг хурцатгасан билээ. Барууныхан ялангуяа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэрэг гарсан даруйд Оросын талыг эл хэрэгт яаран буруутгасан нь Путинд “олз” болж, гэртээ зүгээр сууж байсан улс төрийн идэвхгүй оросуудын гэдэнг хөдөлгөснөөр тэд сонгуульд саналаа өгөхөөр шулуудсан байна. Өөрөөр хэлбэл, барууныхны дайралтын эсрэг Оросын нийгмийн янз бүрийн давхаргууд улс төрийн талаар нэгдэн нягтарсан нь Путиний нэр хүндийг өсгөлөө.
 
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын эсрэг, Путиний эсрэг суртал ухуулгынхаа “тунг хэтрүүлсэн” нь эх орондоо байгаа төдийгүй гадаадад амьдарч буй оросуудын дургүйцлийг төрүүлжээ. Тэд бол Путинг тахин шүтдэг хүмүүс биш, гэхдээ Путин хүмүүсийг алж хядаж, хордуулж байгаа тухай мэдээллийг барууныхан зогсоо зайгүй цацаж байгааг тэвчиж чадаагүй тэд эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд олноороо саналаа өгсөн байна. Барууны сэтгүүлчид Орос дахь бодит байдлыг болхи бааз байдлаар тайлбарлаж байгаа энэ үед Russia Today агентлаг уг сул орон зайг ашиглан дэлхий ертөнцийг ганцхан өнцгөөс харахыг хүсдэггүй тэр хүмүүст хүрч ажилласан нь сонгуулийн ирцэд нөлөөлсөн болов уу.  
 
Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ