АНУ болон хоёр Солонгосын дипломатуудын уулзалт өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 11:30:51
ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. АНУ, Өмнөд болон Умард Солонгосын дипломатуудын хийж буй цуврал уулзалтын эхний уулзалт Финландын Вантаа хотын төрийн зөвлөлийн байранд болж өндөрлөлөө хэмээн “YLE” телевиз, радиогийн компани мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар, уулзалтад улс бүрээс тус бүр зургаан хүн оролцож байгаа аж. Уулзалтад оролцогч талууд тодорхой тайлбар өгөөгүй байна. Яриа хэлэлцээнд Умард Солонгосоос тус улсын ГХЯ-ны АНУ-тай харилцах асуудал эрхэлсэн хэлтсийн дэд дарга Чой Кан Ил оролцож байгаа гэнэ.

“Уулзалтаар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхгүй” хэмээн Финландын гадаад хэргийн сайд Тимо Сойни мэдэгджээ.

Финландад болж буй тус уулзалт нь Умард Солонгос болон АНУ-ын хийж магадгүй дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа үед болсон юм.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ