Өмнөд Солонгосын уран бүтээлчид Умард Солонгост тоглолтоо хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-20 15:08:55
ТОКИО. /РИА Новости/.  Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн Пхеньянд дөрөвдүгээр сарын эхээр хийх тоглолтыг зохион байгуулах боломжийн талаар хоёр Солонгосын төлөөлөгчид ажлын яриа хэлэлцээ хийж байна хэмээн телевизийн “NHK” суваг мэдээлэв.
 
Тоглолт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дөрөвдүгээр сарын сүүлээр хийхээр төлөвлөөд буй дээд хэмжээний уулзалтаас өмнө болох аж. Пхеньянд айлчлан тоглолт хийх саналыг Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элчид тавьсан байна.  
 
Яриа хэлэлцээ хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтод болж байгаа аж. Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгосын талыг төлөөлж хөгжмийн зохиолч Юн Сан оролцож байгаа бол Умард Солонгосын талаас дуучин Хён Сон Воль оролцож байгаа гэнэ.
 
Өмнөд Солонгосын уран бүтээлчид 2007 оны 11 дүгээр сараас хойш буюу сүүлийн 11 жилийн хугацаанд Умард Солонгост тоглолт хийгээгүй байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ