ТИКА-аас Булган аймагт 14 машин өвс, 320 тонн малын тэжээлийн тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-20 12:38:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас 14 машин өвс, 320 тонн малын тэжээлийн тусламжийг Булган аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Энэхүү тусламжийг Булган аймгийн хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хүргэх юм. Энэ үеэр БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу, “Монгол, Турк улсын худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах чиглэлэээр Засгийн газрын түвшний яриа хэлэлцээрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд малын өвс тэжээлийн тусламжийг Булган аймагт илгээж байна. Цаашид энэ мэт тусламжийг үргэлжлүүлэн хүргэх болно. Ингэснээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Дэлхийн 150 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТИКА олон улсын байгууллага өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 43 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ