Оросын дахин нэг тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-24 09:49:01
ПЁНЧАН. /Ройтерс/. Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадамд оролцож буй Оросын олимпийн тамирчдаас дахин нэг тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Оросын бобслейчин Надежда Сергеева сэргээшийн төрөлд хамаарах хориотой бодис хэрэглэсэн нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт авсан шинжилгээгээр тогтоогдсон байна.

Оросын Бобслейн холбооноос гаргасан мэдэгдэлд “Надежда Сергеева хоолойны ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвслийн эм уусан нь сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарахад хүргэсэн байна. Энэ эмийг манай Олимпийн багийн эмч түүнд бичиж өгөөгүй” гэжээ.

Н.Сергеева “Пёнчан-2018”-ын хоёр хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн бобслейн төрөлд 12 дугаар байрт орсон аж.

Түүнээс өмнө Оросын кёрлингчин Александр Крушельницкий сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр Пёнчаны олимпийн кёрлингийн холимог хосын төрөлд хүртсэн хүрэл медалиа хураалгасан юм.

Дөрвөн жилийн өмнө болсон Сочигийн олимпийн үеэр “зохион байгуулалттайгаар” сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэх шалтгаанаар Оросын тамирчдыг Пёнчаны олимпод улсаа төлөөлж оролцохыг Олон улсын олимпийн хороо хориглосон билээ. Гэхдээ Оросын 168 тамирчин энэ олимпод “Оросын олимпийн тамирчид” нэрийн дор оролцож байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ