УИХ-ын Намрын чуулган хаалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-09 17:51:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. 

Hамрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталжээ. 

Хаалтын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд 58 гишүүн оролцлоо. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэхээр дэмжиж, УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонссож, дараа нь УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг хааж үг хэлсэн юм. 

Үүгээр УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийж, гишүүд маргаашнаас эхлэн тойрогтоо ажиллахаар боллоо. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ