Умард Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост хүрэлцэн очив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-09 14:19:50
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, тус улсын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон тэргүүтэй өндөр дээд түвшний 22 төлөөлөгч Сөүлийн цагаар өнөө оройны 8:00 цагт эхлэх өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өнөөдөр үдийн өмнө Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд Умард Солонгосын удирдагчийн хувийн нисэх онгоцоор ирсэн тэднийг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мюн Гён болон бусад албаны хүн угтан авсан байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны мэдэгдсэнээр, Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчид нь маргааш Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, түүнтэй хамт үдийн зоог барих аж. Ким Ён Нам нь Өмнөд Солонгост айлчилж буй Умард Солонгосын хамгийн өндөр дээд албан тушаалтан бол Ким Ё Жо нь Өмнөд Солонгост хөл тавьж буй Умард Солонгосын удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн юм.

Өнөөдөр эхлээд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадамд Умард Солонгосоос 22 тамирчин оролцох аж.
Г.Доржханд

Холбоотой мэдээ