Европ дахь Монголын шилдэг эмэгтэй шалгаруулах ёслол Варшав хотноо болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-09 11:19:28
Москва /МОНЦАМЭ/.  Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо /ЕМЭХХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг эмэгтэй 2018” шагнал гардуулах ёслол “Эмэгтэйчүүд- Эрүүл мэнд” сэдвийн дор энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр Польшийн нийслэл Варшав хотноо зохион байгуулахаар боллоо.
 
Уг арга хэмжээг ЕМЭХХ Европ тивд ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж буй монгол эмэгтэйчүүдийн ололт амжилт, хүмүүнлэгийн үйлсийн гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах, тэднийг дэмжих зорилгоор 7 дахь жилдээ зохион байгуулж буй юм.
 
Энэ удаагийн шагнал гардуулах ёслол “Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй”, “Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй”, “Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэй”, “Шилдэг эмэгтэй оюутан”, “Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй” гэсэн төрлөөр явагдах бөгөөд ялагчийг олон нийтийн санал асуулгаар буюу Фэйсбүүкийн саналаар тодруулах юм. Мөн үеэр Монгол улс, монголчуудын төлөө сэтгэл зүрхээ гарган ажилладаг гадаад иргэнд “Оны хүндэт гадаад иргэн” тусгай шагнал гардуулах аж.
 
Шалгаруулалтад оролцох сонирхолтой эмэгтэйчүүд өөрийн товч танилцуулга, ололт амжилт, туурвисан бүтээл, тухайн салбарт оруулсан хувь нэмэр, тэдгээрийг баримтжуулсан зураг болон видео бичлэгийг хавсарган 4 дүгээр сарын 1-ний дотор admweuk@gmail.com хаягаар ирүүлэх шаардлагатай.
 
Дашрамд дурдахад өмнөх жилүүдийн Европ дахь “Оны шилдэг эмэгтэй 2018” шагнал гардуулах ёслол Францын Парис, Германы Франкфурт, Английн Лондон, Бельгийн Антверпен зэрэг хотод болж байв.
Л.Нандиа
 
 
 
Холбоотой мэдээ