Төөрсөн хүн аварч, түргэн тусламжийн машиныг цаснаас гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-09 11:03:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн ОБГ-т автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлага ирж, шуурхай арга хэмжээ авчээ. 

Нийслэлд  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой хэмээх газар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Приус 20 машин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгөв. Мөн тус дүүргийн  22 дугаар хороо, Шар цэцэг хэмээх  газар Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн 103-аар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.  Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн 600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажилласнаа ОБЕГ-аас мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ