Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-09 09:56:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад 2000 орчим ахмад оролцов.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, "НИТХ-ын даргын ажлыг авснаасаа хойш нийслэлийн хөгжил цэцэглэлт хийгээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг цогцлооход анхаарч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд иргэд та бүхний санаачлага, идэвхтэй оролцоо гол хөдөлгөгч хүч байх болно. Цаашид хөрөнгө мөнгөнөөс илүүтэй итгэлцэл, иргэд оршин суугчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санаачлага,хариуцлагад тулгуурласан олон ажлууд гарц шийдлээ хүлээж байна. Налайх дүүргийн хувьд 2018 онд  Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалт хийх болно" гэлээ.

Уулзалтын дараа  НИТХ-ын дарга С.Амарсайхан тус дүүргийн ТҮК-ийн ажилчдын ахуй амьдралтай танилцлаа. Налайх дүүргийн ТҮК 60 орчим ажилчинтай бөгөөд саяхан хог ачлагын шинэ автомашин хүлээж авсан тул үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Сар шинийн баярыг угтан тус байгууллагын ажилтнууд амралтгүй ажиллаж байгаа юм.Тус байгууллагын 22 ажилтан эзэмшлийн газаргүй, гэр оронгүй аж. Тиймээс нийслэлээс газар өгөхийг уулзалтын үеэр хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан уг асуудлыг судоан, хуулийн дагуу шийдвэрлэхийг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ