Аймгийн нутаг дэвсгэрийн 85 хувьд нь интернетийн үйлчилгээ нэвтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-08 20:44:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх сум энэ онд шилэн кабелийн сүлжээнд холбогдож, нийт нутаг дэвсгэрийн 85 хувьд нь интернетэд нэвтрэх боломж бүрдэх талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Одоогоор тус аймгийн иргэд болон албан байгууллагууд 1745 цэгээс суурин интернетийн үйлчилгээ авдаг. Мэргэжлийн хүний тайлбарласнаар суурин интернетийн нэг цэгийн цаана 1-70 хэрэглэгч байдаг ажээ. "Монголын цахилгаан холбоо" компанийн Баян-Өлгий аймаг дахь салбар Алтанцөгц, Улаанхус сумдын төвд тус бүр 64 хэрэглэгчийн, Дэлүүн, Сагсай сумдын төвд 128 хэрэглэгчийн бага оврын суурин интернетийн станц, Булган сумаас бусад бүх сумдын төвд утасгүй интернетийн станцуудыг тус тус суурилуулан интернетийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн Баян-Өлгий аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь мобиком, юнител, жи-мобайлын үүрэн холбооны сүлжээтэй болсон ба эдгээр газруудаас хүссэн хүн бүр интернет орох боломжтой аж. 2018 онд улсын төсвөөс Булган сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоход зориулж нэг тэрбум төгрөг, Алтанцөгц сумын Хоёр толгой, Дэлүүн сумын Ангирлагийн хар агуй, Буриатын уулд үүрэн холбооны станц байгуулахад 210 сая төгрөг тус тус хуваарилжээ.

Эдгээр ажлууд тухайн онд багтаан ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ба үүний үр дүнд нийт нутгийн 85 хувь нь үүрэн холбооны сүлжээ, интернеттэй болох юм.    
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ