Инж өгөөгүй гэх шалтгаанаар эхнэрийнхээ нэг бөөрийг "хулгайлжээ"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-08 14:02:48
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Инж өгөөгүй гэх шалтгаанаар эхнэрийнхээ нэг бөөрийг “хулгайлсан” нэгэн энэтхэг залууг ахынх нь хамт баривчилжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Энэтхэгийн Баруун Бенгал мужийн оршин суугч болох нэгэн эмэгтэйн гэдэс нь хоёр жилийн өмнө хүчтэй базалж өвдсөн аж. Тухайн үед нөхөр болон хадам ах нь түүнийг хувийн нэгэн эмнэлэг рүү дагуулан явжээ. Ингээд нөхөр нь эмэгтэйд хэлэхдээ “Мухар олгой ургасан байна гэнэ” гээд, хагалгаанд оруулж байжээ.

Үүнээс хойш эмэгтэйн бие тавгүйрхэх болж, өнгөрсөн оны сүүлчээр хоёр ч удаа эмнэлэгт үзүүлснээр нэг бөөрөө байхгүй болсныг олж мэдэж, цагдаад хандсан байна.

Хохирогч эмэгтэй ярихдаа “Манай нөхөр надаас байнга инж өгөхийг шаарддаг байсан. Түүнээс өөр сэжиглэж байгаа хүн надад байхгүй. Мухар олгойн хагалгаанд оруулсан гэж хэлснийхээ дараа энэ хагалгааны талаар хэнд ч ам нээхгүй байхыг надад анхааруулж байсан” гэжээ.

Энэтхэгт сүйт бүсгүйн талынхан эрэгтэйн талд инж өгдөг уламжлалыг 1961 оноос хориглож эхэлсэн ч өнөө хэр нь тус улсад олон эмэгтэй инжний асуудлын улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байна.

Энэтхэгийн Гэмт хэрэг бүртгэлийн үндэсний товчооноос 2013 онд явуулсан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, тус улсад 2012 онд инжний асуудлын улмаас нөхөр болон хадам талынхныхаа гарт 8233 эмэгтэй амиа алдсаны олонхи нь шинэ бэр байжээ. Эдгээр эмэгтэйн олонхи руу бензин, хүчил цацан түлж шатаасан гэсэн сэтгэл сэрдхийлгэм мэдээ байна.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ