Томас Бах: "Пёнчан-2018"-ын бэлтгэлийг бүрэн хангасан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-08 10:52:04
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хот өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулахад бэлэн болсон байна гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Т.Бах өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Пёнчан хот өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхийн өвлийн спортын шилдэг тамирчид энд бүх хүчээ дайчлан өрсөлдөх л үлдсэн байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ олимпийг зохион байгуулагчид Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, даян дэлхийд энх тайвныг түгээхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Хоёр Солонгосын төлөөлөгчид олимпийн нээлтийн ёслолд хамтдаа алхаж, мөсөн хоккейн хамтарсан багаа энэ олимпод оролцуулах гэж байна. Энэ бүхэн олимп болоод дэлхийн түүхэнд “түүхэн мөч” болж тэмдэглэгдэн үлдэх болно” гэсэн байна.
 
17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт буюу маргааш эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ