Зууханд гал байхад...

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-02-08 10:29:52
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-ны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй гэж мэдэгдлээ.Товолсон өдөр ирэх хүртэл нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн дулааныг нүүрс түлэхгүйгээр шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай боллоо. Ийм шийдлүүдийн хамгийн том гарц нь гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлт юм. Гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь энгийнээр ойлгоход орон сууцжуулахтай агаар нэг. Тухайн өрх өөрийн эзэмшлийн газар дээрх байшиндаа инжнерийн шугам сүлжээтэй болох явдал. Гэр хороололд 90 мянган хашаа, 220 мянган өрх байгаа. Тэднийг нэг мөсөн шийдвэрлэх нь улсын болон өрхийн эдийн засагт хүндрэл үүсгэх магадлалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтад тавьсан илтгэлдээ “бид 2018 онд гэр хорооллын 3 байршилд газар шинэчлэн зохион байгуулж, дахин төлөвлөлт хийнэ. Нийслэлийн төсвөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд газар зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн загвар гаргана” гэж онцлоод “БХБЯ, БОАЖЯ нийслэлийн нэгэн адил хоёр бүсэд ийм бүтээн байгуулалт хийх санаачлага гаргах хэрэгтэй” гэлээ.

Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийг  2019 онд 47, 2020 онд 50 нийт 100 байршилд барьж байгуулах аж. Ингэснээр 20000-30000 өрхийн амьдрах нөхцөл сайжирч агаарын бохирдол 20 хүртэл хувиар буурах гэнэ. Технологийн сонголтыг тухайн газар нутгийн байршил, газар зүйн онцлогоос хамаарч тэнд тохирох хувилбарыг сонгож хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ бол нийслэлийн засаг захиргаанаас хоёр жилийн дараа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил юм.

Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжвэл газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтөд хамрагдсан бүс нутгийн өрхүүд нүүрсээр галлах шаардлагагүй болно гэсэн үг. Харин бусад бүсэд байгаа айл өрхүүд нүүрсээ түлэх  магадлал өндөр тул энэ асуудлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуулт урган гарч ирнэ.
Түүхий нүүрсээр галлахгүйн тулд дулааны эх үүсвэрийг цахилгаанаар шийдвэрлэх гарц хайж байна. Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын 110 мянган айлыг цахилгаанаар хангах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд дэд станц барьж тэндэхийн цахилгааны хүчдлийг нэмэх ажлыг эхлүүлээд байна. Хүчдэл сайтай кабель шугамтай болсоноор энэ хорооны өрхүүд ирэх өвлөөс эхлэн цахилгаанаар гэрээ халаах боломжтой болох юм байна. 
 
Ер нь төвийн шугам сүлжээнд хамрагдаагүй айл өрхүүдэд 2018 онд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшний үнийн зөрүүд 3.1 тэрбум төгрөг олгох болжээ.

Улаанбаатрын утааны нэг бүрэлдэхүүн хэсэг нь нам даралтын уурын зуухнуудын байдаг. Тэгвэл   улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгөөр 68  халаалтын зуухны янданг буулгах юм байна. Тэднийг төвлөрсөн дулаанд 11.9 тэрбум төгрөгөөр холбохоор төлөвлөжээ. Улмаар төв шугамын шинэчлэлд 2 тэрбум төгрөг зарцуулах юм. Дээр дурьдаж байгаа тоо баримт бол ирэх жил нийслэлийн утааг арилгах үйл явцад зарцуулах ёстой мөнгөн дүн. Харин 2010-2016 онд 147 тэрбум төгрөг, 60 сая ам. доллар утаанд зарцуулсан боловч үр дүн гараагүй өнөөг хүртэл утаагаар амьсгалсаар л байна. Хүрэх ёстой үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь ажил хариуцсан хариуцлагагүй нөхдөөс гадна иргэдийн оролцоо, хяналт шалгалт байгаагүйтэй холбоотой гэж зарим эх сурвалж тайлбарлаж байна.

“Урвалд орж байгаа бодисын хэмжээ урвалын эцэст гарч буй бодисын хэмжээтэй тэнцүү байдаг” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ, галд шатаж “алга болж байгаа” тэр олон зуун мянган тонн түүхий нүүрс, мод, бензин шатахуун, ер нь шатаж байгаа хог хаягдал, тэр бүх зүйлс өөрийн физик-химийн шинж чанраа хувиргаж өөрчлөөд, УТАА (үнс нурам, хөө тортог, тоос шороо, химийн хорт болон цацраг идэвхит бодис) гэгч “мангас” болон хувирч та бидний амьсгалж байгаа агаар орчинд цацагдан тархаж, хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний замаар биед орж, эд эрхтний дотор тархан уусаж хордуулж байгаа химийн хорт бодисууд юм гэж Химийн зэвсгийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D) бэлтгэл Бригадын генерал М.Хүрлээ тайлбарласан байна.
Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ 6 сая тонн байдаг. Дээр нь 600 мянга орчим авто машин  замын хөдөлгөөнд орлцдог. Тэр хэмжээний химийн хорт бодис үнэс нурмаар  иргэд амьсаглаж, хөвж, сэлж зарим нь живж яваа юм биш үү. Зууханд гал  байхад ... 
                                                                                                                                                                           Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ