Явган шуурга болж байгаагаас орон нутгийн зарим зам үе үе хаагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-08 01:16:29

Завхан/МОНЦАМЭ/.Завханд өдрийн цагаар уур манан үүсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгдэж байгаа тухай аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан шуурхай бүлэгт мэдээлжээ. Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг энэ сарын нэгний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаад буцсан билээ. Завхан аймгийн хувьд 2018 оны 01 дүгээр сард хүйтний эрч эрс чангарч, Тосонцэнгэл, Их-уул Тэлмэн, Отгон, Сонгино, Баянтэс, Тэс, Цэцэн-Уул сумдын нутгаар 45-53 градус хүрч хүйтэрсэн байна. Түүнчлэн 2017 оны 10 сарын 01-нээс 1 сарын 30-ыг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 17-52 удаагийн их бага хэмжээний хур тунадас орсон. 10 дугаар сард олон жилийн дунджаас бага, 11, 12-р сар, 2018 оны 01 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж бүх нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан 5-30 см хүрээд байна. Гантай байсан газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж, тарга тэвээргээ огцом алдаж, өвс тэжээлийн дутагдалд орж малын хорогдол ихэссэн байна. Мөн орон нутгийн Цэцэн-Уул, Марз, Тэлмэн Хасгай, Баянхайрхан Төөнт, Минж, Баянтэс Улаан үзүүр, Элс даваа, Хужир дөрөлж, Тэс Зээрэн даваанууд хаагдсан.  Явган шуурга байнга болж байгаагаас орон нутгийн зарим замууд хаагдаж малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүссэн байна. Эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалтад орсон, халаалт дулаанд түлш нүүрсний зарцуулалт нэмэгдсэн бол Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумдын Эрүүл мэнд, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин ихэсчээ.

Өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад эхний ээлжинд өгч байгаа

Завханы нутгийн хойд, зүүн хойд, зүүн хэсгээр энэ сард ахиу тунадас орох, нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт танилцуулжээ.
Мөн Завхан аймгийн хэмжээнд 232 өрхийн 740 хүн отор нүүдлээр яваа бөгөөд 0-5 насны хүүхэд 89, жирэмсэн эх нэг, ахмад настан 17, хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэн байгаа судалгааг аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн байна. Харин аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9100 малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байгаа бол Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Баянтэс, Асгат, Ургамал, Түдэвтэй сумдын 115 өрхийн 249 хүн, 71,7 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 17 сумын нутагт отроор өвөлжиж байна. Завхан аймгийн аюулгүйн нөөц болон аймгаас тендэр зарлан бэлтгэсэн 178,5 тн өвс, 437,5 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгож өнөөдрийн байдлаар 27,5 тн тэжээл үлдсэн байна. Цагаан зудтай найман сум, цагаан зудархуу долоон суманд өвс 138,5 тн, тэжээл 302.5 тн хуваарилан олгосны зэрэгцээ өвөлжилт хүндэрч болзошгүй долоон сум нэг аж ахуйн нэгжид өвс 40 тн, тэжээл 135.5 тонныг хуваарилан олгоод байгаа аж.

Завханы Мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Завхан аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, УИХ-ын гишүүдээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэд тодорхой асуулт асууж, орон нутгийн удирдлагын зүгээс хэд, хэдэн санал хүсэлтийг тавилаа.
Тухайлбал, аймаг дахь улсын нөөцийн цэг салбаруудад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, малчдад өвс 400 тн, тэжээл 400 тн-ыг хөнгөлөлттэй нөхцөлөөр нэмж олгуулах, малчдад хуваарилсан өвс, тэжээлийг хүргэж өгөх болон өвөлжилтийн бусад хэрэгцээнд шаардлагатай 60 тн шатахууныг улсын нөөцөөс олгох, Тэлмэн, Цагаанхайрхан суманд 2017 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардлыг шийдвэрлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх, АЗЗА-ТӨХК-ийн 2017, 2018 онуудад ашигласан машин, механизмуудын түрээсийн зардал 40.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг хүсэлтийг тавьжээ. Харин Завхан аймгийн мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле газар дээр нь шийдвэрлэлээ.

Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхийг үүрэг болгов

Мөн өвөлжилтийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүл мэндийн яамнаас Яруу, Дөрвөлжин сумдын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
Завхан аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан зэрэг аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Завхан аймагт улсын нөөцөөс 850 тонн өвсийг үнэгүйгээр, 1150 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өгсөн юм. Мөн үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: -“Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох, мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарч ажиллах, оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож, мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх хэрэгтэй” хэмээн үүрэг болгов. Мөн отроор яваа малчдаас малын хөлийн татвар, хураамж авч байгааг тухайн орон нутгийн удирдлагатай сайтар ярьж, тохиролцож харилцан ашигтайгаар шийдвэрлэх, отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах. Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарах зэрэг үүрэг чиглэлийг тус тус өгчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ