Ж.Адай сумынхаа 13 дахь "Улсын тэргүүний тариаланч" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-07 09:19:36
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн тариаланч  Ж.Адай Улсын тэргүүний тариаланч боллоо. Тэрээр сумынхаа 13 дахь Улсын аварга тариаланчаар тодорч байгаа юм. Улсын тэргүүний тариаланч Ж.Адай 10 гаруй га талбайд хүнсний ногоо тариалахын зэрэгцээ хадлангаа ногооныхоо талбайгаасаа бэлтгэн авдаг байна.
Хавар, зун, намрын цагт газар тариалангийнхаа талбарт 6 хүнийг ажлын байраар ханган сум орон нутагтаа хөдөлмөр бүтээлийн үр шимээ түгээж, хүн амын хүнсний хангамжид зохих нөлөө үзүүлж байгаа түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Тийн унжлагат хэмээх шар нохой жилийн босгон дээр  Улсын аварга тариаланч хэмээх эрхэм хүндэт алдрыг хүртлээ. 
УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар болон аймаг орон нутгийн газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид Улсын аварга тариаланч Ж.Адайд баяр хүргэн аваргын шагнал, урамшууллыг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Ховд сумаас энэ жил Улсын аварга тариаланч 1, аймгийн аварга тариаланч 1, аймгийн аварга малчин 3 хүн тодроод байна. 
Ховд аймгийн Ховд сумын тариаланчид аймгийн төвийн хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний тарьсан тарвас, улаан лооль, өргөст хэмж, зах зээл борлуулалт сайтай байдаг. Түүгээр ч үл барам тус суманд үе удам залгасан тариаланчид олон төрсөн байдаг төдийгүй орон нутгийн төрөл бүрийн хүнсний ногооны үр, сортыг өөрсдийн арга туршлагаараа гаргаж авдаг юм.
                                                                                                                               А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ