Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхэд Австралийн Засгийн газар тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-02-06 14:41:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны төв байранд “Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага ангийн сурагчдын сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн нээлтийн ёслол боллоо.



Төслийн нээлтэд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, МХҮХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/-гийн захирал, доктор Д.Энхжаргал, Тусгай 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Нүрзэд тэргүүтэй төлөөлөгчид болон багш, ажилтнууд оролцлоо.



Австралийн Засгийн газрын шууд тусламж бүхий уг төсөл хөтөлбөр нь 55 мянга 253 австрали долларын өртөгөөр хэрэгжих юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд суурь боловсрол олгох сурах бичгүүдийг зураг-кирилл-брайлиар стандартын дагуу хэвлэснээр хараагүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах боловсрох эрх хязгаарлагдмал байдлаас гарах боломж бүрдэнэ. Мөн бүрэн болон бүрэн бус боловсролыг хүртээмжтэй эзэмших боломжоор хангагдах зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх юм.



Төсөл хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгд, Брайль хэвлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх бол хоёрт, Брайль кирилл сурах бичгээр бага ангийнхан бүрэн хангагдана.

Дашрамд дуулгахад, ЕБС-ийн нэг сурагч 12 жил суралцах хугацаандаа бага ангид- 34, дунд ангид - 55, ахлах ангид - 39, нийтдээ 128 сурах бичгийн номыг ашигладаг байна. Харин Тусгай 116-р дунд сургуулийн сурагчид төсөв мөнгөнөөс шалтгаалж  бага ангидаа нэг, дунд ангидаа - 3, ахлах ангидаа нэг ч сурах бичиггүй байгаа юм. Тэд өнөөдөр брайль сурах бичиггүй хичээлүүдээ багшийн заасан 40 минутын танхимын сургалтаар сонсож, ерөнхий эрдмийн боловсрол эзэмшиж байна.
 
Д.Өлзий  
Холбоотой мэдээ