Засгийн газрын өр 10 хувиар буурсан үзүүлэлт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-06 14:03:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарлаа хэмээн тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб мэдэгдлээ.

Ийнхүү богино хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад уул уурхайн  түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлснийг тэрээр онцолсон юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “ОУВС-гийн Ажлын хэсэг нэгдүгээр сарын 25-наас Монгол Улсад ажиллаад буцаж байна.  Тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2017 оны хувьд манай эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам. доллараар хэмжигдэж, 2017 оны эхэнд 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийхээс эхлээд маш хүндрэлтэй нөхцөл байдалтай бид нүүр тулсан. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр жилийн хугацаанд эдийн засаг сэргэж 5 хувийн өсөлт үзүүллээ. Мөн Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларыг давж, 1.1. сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гээд эерэг үзүүлэлт эхнээсээ гарч байна.  Түүнчлэн төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ” гэв.



ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб: Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд монголын эдийн засаг 2018 онд 5 орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Засгийн газрын бодлогын тохиргооны хөтөлбөрийг ОУВС тэргүүтэй хандивлагчид 5.5 тэрбум ам. долларын санхүүжилтээр дэмжиж байгаа бөгөөд 2017-2018 онуудад эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн. ГВАН-ийг 1.8 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн. Засгийн газрын өр огцом багассан зэрэг нааштай үр дүн гарлаа. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж хүүгийн түвшин бууран, Засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарийг эрс сайжрууллаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд хэд, хэдэн эрсдэл байсаар байна. Тухайлбал түүхий эдийн гадаад эрэлт буурах, газрын тосны үнэ өсөх хандлага байгаа. Дээрх эрсдлээс хамгаалах хөрөнгө нөөц хангалттай бүрдээгүйг харгалзан үзвэл төсөв мөнгөний бодлогууд зохистой хэвээр байх шаардлагатай. Банкны системийг бэхжүүлэх, татварын боловсронгуй тогтолцоог бий болгох төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулах нь зүйтэй” гэв.
Валютын сангийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс гадаад өр төлбөрийн асуудлыг нааштай шийдэж, гадаа валютын нөөц 1.5 тэрбум ам.доллараар өссөнийг ОУВС-гийнхан онцолсон.

Харин Сангийн сайд  “Засгийн газрын өр 10 хувиар буурсан үзүүлэлт гарч, эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан учраас хүн амын орлогын албан татварыг буцааж, хуучнаараа 10 хувиар тогтоохоор болсон. 2018, 2019 онд инфляцийн төвшинтэй уялдуулан цалин нэмэх шийдвэрт хүрлээ” хэмээн тодотгосон юм.
 
Сэтгүүлчид ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлибоос дараах асуултад хариулт авсан юм.
 
- ОУВС хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өмнө татвар нэмэх асуудлаар ямар тохиролцоонд хүрсэн бэ. Сая татварын нэмэгдлийг эргэн харж цуцаллаа. Ийнхүү хоёр дахин ажил хийх хэрэг байсан уу?

-Засгийн газар аливаа шийдвэрийг бие даан гаргаж байгааг албан ёсоор мэдэгдье. Татвар болон тэтгэврийн насыг нэмэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар бие даан гаргасан. Нэмэгдлийг буцаах шийдвэрийг Засгийн газар сая гаргалаа. Энэ нь эдийн засаг сайжирч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч буй учир цуцлах шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого манай зорилттой нийцэж байгаа. Цаашид зөв тохиргоонуудыг хийнэ гэж найдаж байна. Зорилтот бүлгийнхэнд чиглэсэн ажлууд өрнүүлэх, ядуурлыг тэлэхгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай байгааг ОУВС зөвлөсөн.

-Хүүхдийг мөнгийг бүх хүүхдүүдэд олгох боломж хэр байгаа вэ. 80 хувьд хүргэх асуудлаар шийдэлд хүрсэн үү?

-Хүүхдийн мөнгийг  80 хувьд олгох асуудлаар тодорхой шийдэл гараагүй. ОУВС эмзэг, зорилтот бүлгийн хүүхдүүдэд халамжийн мөнгийг олгох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн.

-Банкны системд хийсэн Активийн чанарын үнэлгээний дүн хэзээ гарах вэ?

-Монголбанкнаас удахгүй Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад хийж буй Активийн чанарын үнэлгээний дүнг танилцуулна.

Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ