Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-06 10:34:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-9-ний өдөр Сүхбаатар аймагт ажиллана. Энэ үеэрээ Улсын аварга малчдын шагналыг болон Асгат, Дарьганга сумдын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-д түргэн тусламжийн машин гардуулах аж.

Ерөнхий сайд хоёрдугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Д.Нямдоржид Улсын аварга малчны шагналыг гардуулаад, орой нь Баруун-Урт хотод ирнэ.

Харин 8-ны өдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр албан ёсны ажил эхлэх бөгөөд энэ өдөр аймгийн удирдлагууд болон орон нутгийн иргэдтэй уулзалт хийнэ. Үүний дараа Халзан сумын малчин Г.Мөнхбаярынд Улсын аварга малчны шагнал, Асгат сумын ЭМТ-д түргэн тусламжийн машин гардуулна.

Ажлын хэсгийнхэн Шилийн богд уул, “Талын агуй” жуулчны баазад хоноглоод хоёрдугаар сарын 9-нд Дарьганга суманд ажиллана. Тус сумын ЭМТ-д түргэн тусламжийн машин, малчин Т.Батжаргалд Улсын аварга малчны шагналыг гардуулснаар Ерөнхий сайдын ажлын хөтөлбөр дуусах юм. 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ