Х.Мандахцэцэг: Үндэсний язгуур онцлогоо орчин үеийн хөгжилтэй уялдуулж дэлхийн зах зээлд гарах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2018-02-05 16:56:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталж, 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгааны газраас олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь сэдэвчилсэн хэлэлцүүлэг юм. Уг хэлэлцүүлэг болон гадаад сурталчилгааны талаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэгээс тодрууллаа.

-Гадаад сурталчилгааны чиглэл бүрээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ удаад орчин үеийн урлагийн талаар хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Ямар үр дүнд хүрэв?
-ГХЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд салбар тус бүрээр 8 төрлийн хэлэлцүүлэг хийсэн.Хамгийн сүүлийнх нь орчин үеийн урлаг байлаа. Орчин үеийн урлаг Монгол Улсын гадаад сурталчилгааны бодлогод эзлэх хувь, цаашлаад орчин үеийн урлагаар дамжуулан өнөө цагийн Монгол Улсыг хэрхэн сурталчлан таниулах талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт салбар тус бүрээс маш өргөн хүрээнд оролцож, үндсэн 4 сэдвийг хөндлөө. Эхний хэсэгт дотооддоо орчин үеийн урлагийн салбаруудын талаарх мэдээллийг нэгтгэн авсан. Орчин үеийн урлагийн салбар бүрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж, уран бүтээлээ хийж буй хүмүүсийн талаар мэдээллийг нэгтгэх учиртай юм. Хоёр дахь хэсэгт салбар бүрт гарч байгаа сайн туршлагуудыг хуваалцаж, олон улсад хэрхэн амжилтад хүрсэн талаар уран бүтээлчдээсээ сонссон. Гадаад сурталчилгаа гэдэг тухайн улс орны  дотоод үйл ажиллагааг гадаадад сурталчлан таниулахад зорилго нь оршдог. Тиймээс тэрхүү туршлагаас хуваалцах, дахин олон уран бүтээлчийг дэлхийд таниулах нь чухал юм. Цаашлаад орчин үеийн урлагийн талаар дэлхий нийтийн ойлголт, чиг хандлагыг хэлэлцэж, уран бүтээлчдийг дэмждэг үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэй ярилцан, гадаад сурталчилгаанд хувь нэмрээ оруулах хүсэлт тавьсан. Хэлэлцүүлгийн дүнд орчин үеийн урлагийн ойлголтыг салбар бүрээр мэдээллийг нэгтгэж авлаа. 

-Орчин үеийн урлаг ардын урлагаас илүү өрсөлдөөнтэй, дэлхий дахинд өрсөлдөхөд илүү хүнд байх. Гэхдээ л олон улсад нэрээ гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа Монгол уран бүтээлчид чамгүй олон байна. Монголын орчин үеийн урлагийн дэлхийд өрсөлдөх нэр хүнд, чадамжийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Орчин үеийн урлагаар дэлхийд танигдаж байгаа маш сайхан төлөөлөл, жишээнүүд байна. Тухайлбал Венецийн Беналь наадамд хоёр ч удаа Монгол Улс орлоо. Маш өндөр зэрэглэлийн Документа үзэсгэлэнд ч орж байна. Үүгээр зогсохгүй маш том том наадмуудад манай уран бүтээлчид урилгаар оролцсон байна. Энэ нь дэлхийн стандартыг тодорхойлж буй томоохон үзэсгэлэнгүүд манай уран бүтээлчдийн бүтээлийг үнэлж байна гэсэн үг. Энэ хэрээр олон хүнд Монголын талаар мэдээлэл хүрч, танигдаж, эргээд монгол хүний чадамж үнэлэгдэж байгаа юм. Орчин үеийн урлаг гэвэл сонгодог урлагийн маш сайхан жишээ байна. Сонгодог урлаг бол өөрөө хүн төрөлхтөний урлаг. Хэдэн зуун жилийн түүхтэй энэ урлагт Д.Алтанхуяг, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд Монгол залуусын гаргаж буй амжилт олон байна. Цаашлаад орчин үеийн бүжгээр манай “Moon dance” хамтлаг маш өндөр зэрэглэлтэй тэмцээнд оролцоод үнэлэгдээд л хүрээд ирлээ. Балетынхан, хөгжмийн салбарынхан байна. Энэ цаг үед дэлхийн хөгжмийн зах зээлд тренд болж байгаа хэлбэрээр залуус маань уран бүтээлээ туурвиж, Америк гэх мэт улс орнуудын зах зээлд эрэлттэй болчихож. Сайн жишээ дурдвал маш их байна. Энэ бүгдийн цаана хүн уран бүтээлч байгаа. Бүх мэдээллийг нэгтгээд Засгийн газрын хэмжээнд ч тэр, уран бүтээл хийж байгаа хүмүүс ч тэр мэдэж аваасай гэж зорьж байгаа. Орчин үеийн Монгол Улсыг таниулах, сурталчлах гол хэлбэр бол орчин үеийн урлагийн хөгжил юм.

-Нүүдэлчин гэх онцлогоо орчин үеийн хэв шинжтэй хэрхэн уялдуулж сурталчлах нь зүйтэй бол?
-Бид нүүдэлчин гэдэг онцлог, өнгө төрхөө хэзээ ч алдах ёсгүй гэж боддог. Олон үндэстэн ястнаас ялгарах бидний гол онцлог шүү дээ. Үүнийгээ хадгалж, орчин үеийн хэв шинжтэй уялдуулах естой. Бид орчин үеийн улс гээд өөрсдийн үндсэн язгуур дүр төрхөө алдаж болохгүй. Магадгүй зуун жилийн дараа Монгол Улс нүүдэлчин гэгдэх онцлогийг ганцаар хадгалж үлдэх байх. Тиймээс өнөө цагт олон улсын Монголыг харж, үнэлж байгаа энэ үндэсний язгуур онцлогоо орчин үеийн хөгжил дэвшилтэй уялдуулж маш ухаалгаар, нэгдсэн бодлоготой гаргаж л дэлхий нийтэд харуулж таниулах, бишрүүлэх болно. Язгуур онцлогоороо чимэг хийгээд орчин үеийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтайгаар дэлхийн соёл урлагийн зах зээлд өөрсдийгөө гаргаж ирэх нь зөв гэж боддог.

-Дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж, амжилтад хүрч байгаа уран бүтээлчдийг төрөөс хэр дэмжиж байна гэж та бодож байна. Улам илүү амжилт гаргахад нь тус дэм болоход төрийн зүгээс юунд анхаарах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Гадаад сурталчилгааг маш сайн хэрэгжүүлж байгаа улс орнуудын мундаг туршлагаас хардаг л даа. Солонгос гэхэд гадаад сурталчилгаа нь бидний өдөр тутмын амьдралд ч орж ирж байна шүү дээ. Үүнээс харахад маш урт хугацааны тогтвортой бодлого, дээрээс нь маш сайн санхүүжилт хэрэгтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд явж байгаа уран бүтээлчид бидний сайнд биш, өөрийнх нь бусдаас онцгой төрмөл авъяасаараа тодорч байна. Тэрнээс төр засгийн зүгээс энэ хүмүүсийг бага наснаас нь эхэлж бэлдээд, дэлхийн зах зээлд гаргах бүх нөхцлийг нь бүрдүүлж, тал бүрээс нь дэмжих асуудал ерөнхий хэвэндээ орж чадаагүй байна. Гэхдээ бас энэ талаар ажиллаж, уран бүтээлчдийг чиглүүлж өгдөг сайн продюссерүүд, кураторуудыг үгүйсгэж болохгүй. Гэсэн ч төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Төрийн бодлогоор дэмжиж, урам өгч, аливаа ахуйн асуудалд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээл хийх, дараа дараагийн амжилт гаргах боломжийг бүрдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай. Цаг үеийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үе ч таарчихаад байна. Гэхдээ харьцангуй өөдрөг байгаа. Бид уулзаж нэгдэх, хөндөж ярих ёстой, үр дүнд нь уран бүтээлчдийнхээ бодож сэтгэж, хүсч байгаа зүйлсийг нь ил гаргаж, зөв буруугаа хэлэлцэж, сонсох хэрэгтэй л гэж бодоод байгаа юм. Цаг хугацааны явцад бодлого цэгцэрч, төсөв санхүү сайжирна. Одоо бол сууриа л сайн тавиад өгье гэж зорьж, төр засаг, уран бүтээлчид, олон улсад ч нэгдсэн нэг мэдээлэлтэй болоод ирэхээр цаашдаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь цаг хугацаа алдахгүй маш хурдацтай явах боломжтой болно.

-Монгол Улсыг гадаадад сурталчлах хэдэн чиглэлийг тодорхойлоод байгаа вэ?
-Үндсэн 11 төрлийг бид анхаарч хардаг. Түүх, соёл урлаг, орчин үеийн урлаг, цаашлаад монгол хэл соёл, брендүүд, Монгол судлал, кино урлаг, үзэсгэлэн экспо гээд гадаад сурталчилгааны олон хэлбэр байна. Энэ бүхэнд бид нэгдсэн бодлоготойгоор олон улсад хүргэх мэдээллээ өгч байхаар ГХЯ-наас чиглүүлэх юм. Монгол Улсын сурталчилгаа нэгдсэн бодлого, нэгдсэн чиг үүрэгтэй байж чадвал хүмүүсийн нүдэнд, чихэнд хоногшиж, танигдах юм. Мундаг сурталчилгаатай улсуудын тухайд ганцхан логог нь харахад л танигддаг шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм.

Н.Гантуяа
Холбоотой мэдээ