Завханчууд шинэ ногоо хэрэглэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-05 11:45:27

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт өвлийн хүлэмжинд тарьсан шинэ ногоо худалдаанд гарч эхэллээ. "Загасан нүд Загастай" ХХК өнгөрсөн 11 дүгээр сард хүлэмжээ барьж тариалалтаа эхлүүлсэн бол шинэ ургацаа энэ сарын дөрөвний өдөр хурааж, борлуулж эхэлжээ.

"Загасан нүд Загастай" ХХК нь 30 хувийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө гаргаж үлдсэн 70 хувийн хөрөнгө оруулалтыг ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж нийт 600м2 талбайтай өвлийн хүлэмжийг барьж ашиглалтад оруулсан аж. Энд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн навчит ургамал болох өргөст хэмх, помидор, улаан ногоон чинжүү, ногоон сонгино, салатны навч гээд 10 нэр төрлийн ногоо тариалжээ. Одоогоор хоёр хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа бол ирэх сараас нэмж хүн авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн стандартын шаардлага хангасан 300 м2 зоорь нэмж ашиглалтад оруулах гэж байгаа гэнэ. Завхан аймгийнхаа нарийн ногооны хэрэгцээг жилийн дөрвөн улирал бүрэн хангана хэмээн "Загасан нүд Загастай" ХХК-нийн захирал Х.Даваахүү хэллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ