Бага насны хүүхдийн хүчирхийлэлгүй орчинг дэмжих төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-05 11:26:10
Архангай /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн сан, Швейцарийн Ананда сангийн санхүүжилтээр Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Архангай дахь салбар зөвлөл, аймгийн БСУГ, ГБХЗХГ хамтран Архангай аймагт “Бага насны хүүхэд хамгаалал” төслийг 2017-2020 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Төсөлд Чулуут сумын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган сумын хүүхдийн наймдугаар наймдугаар цэцэрлэг хамрагдаж байгаа бөгөөд хүүхдийн наймдугаар цэцэрлэг дээр дээрх цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
 
Төслийн гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын агуулгад энэ сургалтын агуулгыг тусгаж өгөх юм. Хүүхэд хамгааллыг гэр бүл, олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгийн орчинд хэн, яаж хамгаалах үүрэгтэй,  энэ үүрэг оролцоог хангахын тулд СӨБ-ын багш нар өөрсдөө ямар үүрэг оролцоотой, ямар мэдлэг чадвартай, хандлагатай байх ёстой вэ гэхчлэн энэ бүх цогц агуулгыг энэ сургалтаар өглөө. Мөн хүүхдийн эрх, хүүхэд хөгжүүлэх эерэг аргууд болон тэднийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш нарын зүгээс өөрсдөө юуг анхааруулж сануулж, хүүхдэд ямар чадвар суулгасан байх ёстой вэ зэргийг дадлага ажлуудаар багш нарт олгож байгаагаараа давуу талтай юм.
   
Төсөл амжилттай хэрэгжиж дуусахад дээрх хоёр цэцэрлэгийн үндэсний хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар аймгийн хэмжээний цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах чадвартай, харилцаа хандлагын хувьд өөрчлөгдсөн байх үр дүнг хүлээж байгаа ажээ. 



Эрдэнэбулган сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Энхсүрэн:
-Манай цэцэрлэг 2017 оны 3 дугаар сараас эхлэн энэ “Бага насны хүүхэд хамгаалал” төслийн сургалтад хамрагдсан. Манай цэцэрлэг энэ жил эцэг эхчүүдэд “Бага насны хүүхдийг хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” сургалтыг хийсэн. Дараа нь 4, 5 настай хүүхдүүдэд өөрсдийгөө хүчирхийллээс хэрхэн яаж хамгаалах талаар сургалт явуулсан. Бага насны хүүхдүүд, эцэг эхчүүд ч тэр хүчирхийлэл гэхээр заавал цохиж зодвол хүчирхийлэл гэж харж ойлгодог шүү дээ. Тийм учраас бага насны хүүхдүүдэд хүчирхийлэл гэж юу болох, түүнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах аргад суралцсан гэж ойлгож болно. Мөн манай цэцэрлэгээс үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 3 багш бий. Өнөөдрийн сургалтад цэцэрлэгийн бүх багш ажилчид хамрагдаж, бүх ажилтан хүүхэд хамгааллын талаар мэдлэг чадвартай болж байгаа. Эцэг эхчүүд ч мөн ялгаагүй. Ингээд ирэхээр манай хамт олон бага насны хүүхдийг хамгаалах, тэдэнд хандах хандлагаа өөрчилж чадсан хамт олон болж чадна гэж харж байна. Дараа жилээс бид энэ ажлаа түгээн дэлгэрүүлэх ажилдаа орно. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ