Ибупрофен үргүйдэлд хүргэдэг нь тогтоогдоогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-02-05 10:25:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий даяар сая саяар хэрэглэгддэг Ибупрофен болон Нурофен эмийг эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гэсэн мэдээлэл сошиал ертөнцөөр тархсантай холбогдуулан ЭМЯ болон Хүний Эмийн Зөвлөлөөс албан ёсны тайлбар гаргажээ. Тайлбарт уг эм нь үргүйдэлд хүргэдэг талаар тогтоогдоогүй гэсэн байна. 

ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргалын өгсөн тайлбарт, Ибупрофен эм нь үргүйдэлд хүргэсэн болох нь тогтоогдсон судалгаа олдоогүй бөгөөд нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд хүргэхийг зөвлөсөн байна. Сошиалд тархсан мэдээллийн хувьд Копенгагений Их Сургууль, Францын Үндэсний Эрүүл Мэндийн  Шинжлэх Ухааны Судалгааны Институци (Inserm)-ийн нь сүүлийн үед залуу эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар буурсантай холбоотой шалтгаан тодруулах олон судалгаа хийж буйгийн бас нэгэн судалгааны үр дүнгийн талаарх мэдээлэл байсан бөгөөд энэхүү судалгаа нь 18-35 насны 31 эрүүл эрэгтэй хүнд Никомед брэндийн Ибуметин эмийг 600мг-аар өдөрт 2 удаа  6 долоо хоногийн туршид хэрэглүүлэхэд чөлөөт тестостеронийг бууруулж байсан нь бэлгийн үйл ажиллагааны алдагдалд хүргэх түвшинд хүрээгүй ч цаашид анхаарах хэрэгтэй гэсэн үр дүн бүхий жижиг хэмжээний судалгаа байсан байна. Түүнчлэн OTC буюу жоргүй олгогддог ибупрофены хувьд эмчилгээний үргэлжлэх хугацаа нь харьцангуй урт, өндөр тунгаар хэрэглүүлсэн байжээ. 

Тус эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан тодруулах судалгаанд Нурофен огт хэрэглээгүй бөгөөд Никомед брэндийн өндөр тун бүхий Ибуметин 600мг эмийг хэрэглэсэн байтал сошиалд уг мэдээлэл тархахдаа Нурофен гэсэн нэр оруулсан нь уг брэндийн нэр хүндэд халдсан хэрэг гэж үйлдвэрлэгч компани болох Реккит Бэнкайзерийн зүгээс албан бичиг манай улсын ЭМЯ-нд хүргүүлсэн байна.             
           
Английн хөрөнгийн зах зээл дээр эхний ТОП-20-д ордог Рекитт Бэнкайзер үйлдвэрийн оргинал ибупрофен болох Нурофен эм нь Монгол Улсын эмийн зах зээл дээр бүртгэгдээд 10-аад жил болсон бөгөөд Английн болон Дэлхийн бусад хөгжилтэй орнуудад борлуулалт өндөртэй, чанар, үр дүн сайтай судалгаа маш сайн хийгдсэн бүтээгдэхүүн хэмээн мэдээлж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ