Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-04 21:08:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзаж тус аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм. 
Тус аймагт өнгөрсөн онд 73,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн бөгөөд үүнээс 53 тэрбум нь өөрийн орон нутгийн төсвөөр хийсэн ажлууд байгаа ажээ. Мөн тус аймгийн төв Даланзадгадад 3,3км авто зам, 11км явган хүний зам, гэрэлтүүлэг, 2км дугуйн замыг бариад байгаа юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараагаар тус аймгийн иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож тавьсан асуултад нь хариуллаа. 
Ерөнхийлөгчийг иргэдтэй уулза хад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд болон аймгийн бүх удирдлагууд хамт байлаа. Уулзалтад иргэд өөрсдийн үгээ чөлөөтэй хэлж үзэл бодлоо илэрхийллээ.
Өмнөговь аймгийн ахмадын хорооны дарга н.Цээсодном хэлэхдээ "Баянхонгор аймагт байгуулсан шиг жишиг сумыг манай аймагт байгуулах хэрэгтэй байна" гэсэн бол Даланзадгад сумын 6-р багийн иргэн н.Баатархүү "Монгол төрийг цэвэрлэх хэрэгтэй байна. Төрд байгаа нөхдүүд хэлсэн ярьснаасаа буцаж иргэдээ хуурч байгаа нь эргээд төрийг үл хүндлэх байдлыг бий болгож байна" гэсэн юм.
Мөн Даланзадгад сумын 2-р багийн иргэн н.Оюунбилэг хэлэхдээ "УИХ-ын гишүүд хууль батлаад байна л гэдэг. 76 хүн суугаад хууль баталж байхыг би ер харсангүй. Сайн л бол 25-c дээш хүн суугаад л хууль баталж харагддаг. Хэрвээ ард түмнээсээ сонгогдсон юм бол бүгдээрээ сууж байгаад хуулиа батлаад, зөв бурууг нь ярилцдаг баймаар байна" гэлээ.
Иргэд ихэвчлэн шатахууны үнэ нэмэгдэж үүнийгээ дагаад юмны үнэ өсөж байна, татваруудыг нэмснийг эргэж харах хэрэгтэй гэх зэрэг нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндсөн юм. Мөн тус аймгийн Гурвантэс сумын Тос, Тосон бумбын нурууны орчимд уул уурхай шинээр нээж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, иргэдийнхээ үгийг сонсож яваа түүнд амжилт хүслээ. 

Иргэдийн амаар болон бичгээр өгсөн асуултуудад Ерөнхийлөгч хариулаад, алслагдсан сумдад хөгжлийг хүргэх хэрэгтэй, говь нутгийн цөлжилтийг бууруулахад мод тарих нь хамгийн их эерэг нөлөөтэй гэж ярьж буй иргэдтэй санал нийлж байгаагаа илэрхийлэв.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ