Цаг ашиглалтыг дээд түвшинд хангаж ажиллахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-02 23:56:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Илүү эрх эдлэх биш, илүү хариуцлагатай ажиллах гэж удирдах албан тушаалд томилогддог. Манлайллыг удиртгал болгоогүйгээс удирдлага дорх ажилчид, зарим тохиолдолд өөрсдөө ч элдэв зөрчилд холбогдож байгаа нь засаж сайжруулах ёстой эн тэргүүний ажил болоод байна" гэдгийг аймгийн Удирдах ажилтны Сахилга хариуцлагын зөвлөлгөөний нээлтэд хэлсэн үгэндээ Засаг дарга онцлов. Тус зөвлөгөөн удирдах ажилтны манлайлал, төрийн байгууллагуудын ажлын хариуцлага, үр дүнг сайжруулах, энэ онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилготой бөгөөд жил бүрийн эхний улиралд зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн зөвлөлгөөнд аймгийн төв болон хөдөөгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд буюу 200 гаруй төлөөлөл оролцлоо. Төрийн байгууллагын албан тушаалтан гэмт хэрэг, зөрчилд холбогдох байдал жил жилд өсч, буурах байдлаар хэлбэлзэж, "амь бөхтэй" оршсоор байгааг зөвлөлгөөний үеэр илтгэгчдийн мэдээллээс харж болохоор байв. Тодруулбал, сүүлийн таван жилийн байдлаар зөрчилд холбогдсон 430 төрийн албан хаагч байгаагийн талаас илүү хувь нь архидан согтуурсантай холбоотой гэлээ. Мөн иргэдээс төрийн албаныхны авилгал, хүнд сурталтай холбоотой гомдол санал ч багагүй ирдэг ба газар олголт, шүүх болон хуулийн байгууллагуудад хаягласан, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар ажилтан сонгон шалгаруулахдаа шан харамж авдаг зэрэг гомдол санал ирдгийг мөн үеэр дуулгасан. Хэдийгээр шалгагдаж, нотлогдсон зүйл байхгүй ч "Цаас чичихээс нааш, Хүн хэлэхээс нааш" гэдэг шиг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эсвэл өрөөл бусдад давуу эрх олгож, зөрчилд холбогдох вий гэдгийг албаныхан сануулсан. Хэрэв дээрх зөрчилд холбогдсон нь батлагдвал үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна гэдгийг Засаг дарга хатуу анхааруулж байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь ажлаас чөлөөлөх хүртэл гэх заалтаар тухайн асуудалд ханддаг байсан бол одооноос ийнхүү чангатгах аж. Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарыг ч албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулахдаа энэ заалтыг оруулж ажиллах талаар зөвлөсөн юм. Түүнээс гадна жилийн эцсийн тайлан, үр дүнгийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний дүнд удирдах ажилтны манлайлал, ажилтнуудын элдэв зөрчилд холбогдсон байдал зэрэг нь чухал үүрэгтэй байхаар зохицуулж байгаа юм байна.
Ажлын цагийг баримтлахаас ажлын үр дүн шууд хамааралтай учир байгууллага бүр цаг ашиглалтыг дээд түвшинд хангаж ажиллахыг удирдах ажилтнуудад Засаг дарга даалгав. Тэрээр хэлэхдээ, "Аймгийн ЗДТГ энэ асуудал дээр онцгой анхаарч, ажлын цагаас хоцорсон Нэг минут-Нэг зуун төгрөг гэх дотоод журмыг мөрдөж эхэлсэн. Хэрэв та ажлын цагаас 20 минут хоцорсон бол 2000 төгрөг таны цалин дээрээс суутгагдана гэх зарчимтай. Хэдийгээр их биш мөнгө санагдаж болох ч өдрийн олонд хэд болох нь бас сонин. Гар дээр ирэх цалин мөнгөтэй нь тооцоод эхлэхээр эрхгүй ажлын цагийг баримталдаг болоод ирж байна. Энэ мэт туршлагыг байгууллага дээрээ хэрэгжүүл" гэв. Мөн ЗДТГ-т ирэх сараас байгууллагын интернэтээр фэйсбүүк, твитерт орж болохооргүй тохиргоог сүлжээндээ хийхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чухал алхам болно гэж бодож байгаагаа хэлсэн.
Жилийн эцэст үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд сум болон байгуулагуудаас эхний гурван байрыг нийтдээ 10 сая хүрэхгүй төгрөгөөр урамшуулдаг байсан бол ирэх жилээс 50 сая төгрөгийн шагналын санг баталж байгаа юм байна. Ажлаа нэр төртэй, манлайллын өндөр түвшинд хүрсэн, иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилж хэвшсэн сум, байгууллагыг ийм өндөр бай тавьж шагнавал илүү өрсөлдөөнтэй, үр дүнтэй ажиллуулахад ташуур болно гэдэгт итгэлтэй байгаагаа албаныхан мөн үеэр хэлж байв.
                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ