Испани улсын Малага их сургуультай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-02 15:36:15
Дархан-Уул /МОНЦАМЭ/.ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй, Испани улсын Малага их сургуулийн Гадаад харилцааны албаны дэд дарга Мариа Олганар энэ сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд  хоёр их сургууль оюутан, багш, судлаач солилцох замаар хамтарсан  судалгааны баг бүрдүүлэх, багшийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, экологийн чиглэлийн сургалтын баазыг нэмэгдүүлэх, цаашид төсөл хэрэгжүүлэх эхний алхмууд тавигдаж байгаа аж. Хамтын ажиллагаа ирэх хичээлийн жилээс хэрэгжих боломжтой гэдгийг талууд онцолсон.

Испани улсын Малаги их сургууль нь гадаад харилцааныхаа хүрээнд Ази, Европын орнуудын их дээд сургуулиудтай хамтран ажилдаг ажээ.

Энэ жилээс Монгол Улс тэр дундаа анх удаа Дархан-Уул аймгийн ХАА-н чиглэлийн  сургуультай хамтран ажиллах гэж байгаадаа талархалтай байлаа.

ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль нь Өвөрмонголын Тариалангын их сургууль, Өвөрмонголын Эдийн засгийн сургууль, ОХУ-ын Буриад улсын ХАА-н академи, ХААИС,  БНСУ-ын Инчёоны их сургуультай харилцаатай ажиллаж байна.

 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ