Г.Наранхүү: Манай дайчид сэтгэл зүйн болон тэсвэр хатуужлаараа бусад орныхноос хэд дахин илүүг мэдэрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2018-02-02 12:11:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судан улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний хэсэг өчигдөр буюу энэ сарын 01-нд эх орондоо ирлээ. Уг цэргийн багийн захирагч хурандаа Г.Наранхүүтэй уулзаж ярилцлаа.

-Нэн түрүүнд танд Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Та энхийг дэмжих ажиллагаанд хоёр дахь удаагаа оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Энэ удаад хамгийн удаан буюу 1 жил 5 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Хугацааг 5 сараар сунгах шалтгаан юу байв?

-Би 1982 оноос Зэвсэгт хүчинд ажиллаж байна. 1988 оноос Зэвсэгт хүчний эмнэлгийн салбарт ажилласан. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн үүрэг, хийсэн ажлыг минь өндрөөр үнэлсэнд туйлын их баяртай байна.

Судан улсын Дарфур мужид явж буй UNAMID ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн II шатны Эмнэлгийн баг 2010 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 8 баг үүрэг гүйцэтгэснээс манайх отгон ээлж боллоо. Манай ээлж тоног төхөөрөмж болон бусад зүйлсээ авч ирэх гээд асуудал байсан.

-Монгол Улсын баг UNAMID ажиллагаанаас яагаад гарах болов?

-UNAMID ажиллагааны хамрах хүрээ багассантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, энхийг дэмжих ажиллагаа үүрэг зорилгоо биелүүлж, тус улсад харьцангуй тайван болж, цагийн байдал тогтворжсон. Тиймээс тус улсад энхийг сахиулах бус энхийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэж болно. Энэ хүрээнд зөвхөн Монгол Улс ч биш бусад орны цэргийн багууд ажиллагаанаас гарсан.



-НҮБ-ын болон хамтран оролцож байсан цэргийн багуудаас Монгол Улсын бүрэлдэхүүнд ямар үнэлгээ өгөв?

-UNAMID ажиллагаанд 40 гаруй орны цэргийн баг үүрэг гүйцэтгэдэг. Монголын Цэргийн хээрийн II шатны эмнэлэг НҮБ-ын цэргийн болон цагдаагийн баг болон сайн дурын ажилтнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан. Мөн орон нутгийн иргэд, дүрвэгсдэд эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд Монголын 8 баг орон нутгийн 35 мянга гаруй иргэнд  тусламж үзүүлсэн  статистик тоо бий. Зөвхөн манай ээлж 6500 гаруй энгийн иргэн, дүрвэгсдэд үйлчилгээ үзүүллээ. Ер нь бол Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол цэргүүд их нэр хүндтэй байдаг. Монголын цэргийн баг UNAMID ажиллагаанаас гарахад орон нутгийн иргэд, хамт үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд ч их сэтгэл дундуур байсан.

-Ажиллагаанд оролцох явцад гаднаас халдлага ирэх тохиолдол гарав уу?

-Тийм тохиолдол байгаагүй. Судан бол энхийг сахиулах ажиллагаа явуулж буй улс орнуудаас хамгийн тайван орон. Гэсэн хэдий ч гудамжинд буу зэвсэг агссан иргэд чөлөөтэй зорчиж байдаг. Тиймээс бид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байлаа. Мөн манай баг баазаас төдийлөн гардаггүй. Шаардлагатай тохиолдолд маш өндөр хамгаалалт дор үйл ажиллагаагаа явуулдаг.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын баг тухайн улс орондоо эмнэлэг, сургууль цэцэрлэг тохижуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцдог гэж дуулсан. Танай баг бүтээн байгуулалтын ажилд оролцов уу?

-Цэргийн баг болгонд өөр өөрийн онцлог бий. Манайх эмнэлгийн баг учраас эмэгтэй албан хаагч олонтой. Тиймээс энэ давуу талаа ашиглаж, иргэн, цэргийн харилцааг дээшлүүлэх чиглэлд түлхүү ажилласан. Тухайлбал, цэргийн баазын байрлалаас алслагдмал тосгонд очиж 152 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор нарийн боов хийх сургалтад хамруулах, мэс заслын сувилагчийн боловсрол олгож сувилагч бэлтгэж өгсөн. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бага ангийн сурагчдад сурах бичиг, хичээлийн хэрэгсэл бүхий 68 цүнх бэлэглэснээс гадна 0-3 насны хүүхдүүдэд манайхан өөрсдөө хувцас оёж өгсөн. Суданд ундны усны нөөц тун бага, иргэдэд ундны ус байнга тараадаг байлаа. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй 9 орны нэгдүгээр шатлалын эмнэлгийн 60 ажилтныг чадавхжуулах зорилгоор зайн сургалт явууллаа.
Ер нь манай баг III шатлалын эмнэлгийн үйлчилгээг ч үзүүлэх чадвартай хэмээн үнэлэгдсэн шүү.



-Тухайн орны иргэдийн эрүүл мэндийн байдал ямар байх юм бэ?

-Ус, хүнсний хомдслоос болоод Суданы нөхцөл байдал хүнд юм билээ. Иргэд нь ходоод, гэдэсний хямралаар их өвчилдөг. Тэнд байх хугацаандаа ус чандмана эрдэнэ гэдгийг маш сайн мэдэрлээ. Тиймээс бид ажиллагааны явцад орон нутгийн иргэдэд чадах чинээгээрээ ундны ус тараадаг байсан.

-Ажиллагааны явцад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх тохиолдол гарч байв уу?

-Нийт 9 хагалгаа хийснээс 8 нь яаралтай мэс ажилбар, нэг жирэмсэн эмэгтэйг эх барьж авсан.



-Эмэгтэй цэргийн албан хаагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-475 хоног үүрэг гүйцэтгэхэд шантарсан алдаа гаргасан тохиолдол нэг ч гараагүй. Мэдээж эмэгтэйчүүд ар гэрээ, үр хүүхдээ санах үе байна.  Гэхдээ л манай монгол бүсгүйчүүд, дайчид сэтгэл зүйн, тэсвэр хатуужлаараа бусад орныхноос хэд дахин илүү гэдгийг би тэнд мэдэрсэн.

-Суданд алба хааж байхдаа Онцгой байдлын албанд бас хандив өргөсөн гэж дуулсан?

-Бид эх орноо Батлан хамгаалах тангараг өргөсөн хүмүүс. Тиймдээ ч нэг нэгэндээ харилцан дэмжлэг үзүүлэх ёстойг ухамсарласан улс. Манай багийн зүгээс Онцгой байдлын албыг бэхжүүлэх зорилгоор иргэдийн эхлүүлсэн хандивын аянд нэгдэж, 680 мянган төгрөг цуглуулж илгээснийг ар гэрийнхэн маань ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна лээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ