"Цанахүү-2018" Тэс суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-02 10:46:06

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тэс суманд болох "Цанахүү-2018" аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох тов гарчээ.
Учир нь тус тэмцээн өнгөрсөн сарын 26-28-ны өдрүүдэд болохоор зарлагдаад байсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч түр хугацаагаар хойшлосон ажээ. Тус тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Цанын холбоо хамтран зохион явуулах юм. Тэсвэр тэвчээрийн хат заадаг тус тэмцээнд 5-12 ангийн 50 орчим хүүхэд өнөөдрийн байдлаар бүртгүүлжээ. Өнгөрсөн жил Нөмрөг суманд болсон тус тэмцээнд Завханы хойд бүсийн Сонгино, Нөмрөг сумын хүүхдүүд манлайлж байсан байна. Тэмцээний үеэр хүүхдүүдийг хол замд тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ