“Хамгийн залуу” Бээжин хотын шинэ дарга

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-31 17:20:43
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр өндөрлөлөө. Тус хурлаар Бээжин хотын удирдлагууд солигдсон бөгөөд Чөн Жинин тус хотын даргаар томилогдов.
Бээжин хотын шинэ "удирдлагын баг"-т шинээр томилогдсон 9-н орлогч дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Вэй, хотын Хянан шалгах хорооны дарга Жан Шуофү, хотын Ардын дээд шүүхийн дарга Ян Ванмин, хотын Прокурорын газрын дарга Жин Дали нар багтжээ.   
Хотын даргаар томилогдсон Чөн Жинин нь 54 настай бөгөөд сүүлийн 30-н жилийн хугацаан дахь хамгийн залуу хотын дарга болж байна.
Тэрээр Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа Их сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирлаар ажиллаж байхдаа мөн л түүхэн дэхь хамгийн залуу захирал болж байжээ.
Мөн тэрээр 2015 онд Хятадын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Энэ үедээ мөн л Хятад улсын түүхэн дэхь хамгийн залуухан сайд болж байсан. Чөн Жинин Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаандаа Бээжин хотын болон бусад бүс нутгуудын бохирдлын асуудалд онцгой анхаарч “хатуу чанга” хуулийг батлуулж байсан.   
Бээжин хотын энэ жилийн төлөвлөгөөнд, хотын ДНБ өсөлтийг 6.5 хувьд хүргэх, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, хотын иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилтууд байгаа аж. 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ