Оросын тамирчин О.Граф Пёнчаны өвлийн олимпод оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 17:12:38
МОСКВА. /ТАСС/. Сочигийн өвлийн олимпийн наадмаас 2 хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тэшүүрчин бүсгүй Ольга Граф 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохоос татгалзаж байгаагаа “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохоос татгалзсан Оросын эхний тамирчин болоод байна.  
 
Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ ОХУ-ын тэргүүний хэд хэдэн баг, тамирчныг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулахаас татгалзсан  билээ. Үүнтэй холбогдуулан Оросын Спортын сайд Павел Колобков “Олимпийн наадамд оролцуулахыг зөвшөөрсөн тамирчид тоглолтод оролцох эсэхээ өөрсдөө шийдэж болно” гэж мэдэгдээд байсан юм.
 
“Энэ үед би их итгэл найдвар тавьж байсан. Сочигийн олимпийн тоглолтод амжилттай оролцсоны дараагаар би тун удахгүй болох Пёнчаны өвлийн олимпийн наадамд нэр төртэй оролцохын тулд дөрвөн жил өөрийн бүх хүч чадлаа дайчлан бэлтгэл хийсэн. Гол зорилгоо тавин бэлтгэсэн чиглэл маань багийн цуваа гараатай уралдаан байсан. Багийн уралдаанаас л медаль авчирна гэж найдаж байсан. Пёнчаны олимпийн тоглолтод манай улсын баг тамирчдыг Оросын төрийн далбаан дор бус олимпийн тугийн дор оролцуулах тухай ОУОХ-ноос гаргасан шийдвэрт би тамирчин хүний хувьд ч, иргэн хүнийхээ хувьд ч тун таагүй хандаж байсан. Гэсэн хэдий ч ийм доромжилсон, ялгаварлан гадуурхсан нөхцөл байдалд эх орныхоо нэр төрийг хамгаалахад бэлэн байсан. Харин нэгдүгээр сарын сүүлд манай тэшүүрийн уралдааны баг тамирчдын олонхи нь энэ жилийн наадамд оролцох боломжгүй болсон гэдгийг дуулсан. Спорт нь улс төрийн бохир тоглоомд ашигладаг задгай мөнгө болж хувирчээ. Ийч учраас олимпийн тавцанд өрсөлдөх итгэл найдвар минь нуран уналаа гэсэн үг. Олимпийн тавцанд багаараа өрсөлдөх боломжийг минь хассантай холбоотойгоор Пёнчан хотод болох өвлийн наадамд оролцуулах тухай ОУОХ-ны урилгыг би хүлээж авахгүй” хэмээн О.Граф тэмдэглэсэн байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ